Ховдын сэтгүүлчид нийгэмд тустай сайн үйлсийг дэмжлээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВДДэлхийн хэвлэлийн эрх чөлөөний өдөр 5 дугаар сарын 3-нд МСНЭ-ийн Ховд салбарын гишүүд МСНЭ-ээс Нийгэмд тустай сайн сайхан мэдээлэл түгээх соёлыг хэвшүүлэх, гэгээрүүлэх үйлсэд хэвлэл мэдээлэл, сэтгүүлзүйн салбарынхныг идэвхжүүлэх аяныг дэмжиж ажиллалаа.
Энэ өдрийг Ховдын сэтгүүлчид үйл явдлаар дүүрэн тэмдэглэж байна. МСНЭ-ийн Ховд аймаг дахь салбарын сэтгүүлчид Сум дундын ойн ангиас "АГЧ" модны гудамж байгуулж, аймгийн ногоон байгууламжид жинтэй хувь нэмэр оруулж байгаа сайхан санаачлага,сайн үйлсийн аяныг дэмжлээ.
Ховд хотын төвд сэтгүүлчдийн нэрэмжит 40-өөд агч мод тарьсныг, хуваарийн дагуу арчлах, услах ажлыг сэтгүүлчид өөрсдөө гардан хийхээр боллоо.
Мод үржүүлэх чиглэлээр туршлага хуримтлуусан Аймгийн Сум дундын ойн ангийн ойн инженер У.Цэцгээ “ Манай аймгийн сэтгүүлчид сайхан санаачлага гаргаж, Агч модны гудамж байгуулах төслийг дэмжиж бидэнтэй хамтран ажиллаж байгаад баяртай байна. Бид өөрсдөө үрслүүлж суулгаж тарьсан энэхүү агч модыг анх удаа тарьж байна. Энэ мод хүүхэд багачууд,ард иргэдэд амьд байгалын гоо сайхныг мэдрүүлж, үлгэр жишээ загвар гудамж бий болгохыг бид зорьж байна” гэв.
Агч мод 25 м хүртэл өндөр ургадаг навчит мод. Хойд Америкт тархац ихтэй бусад орнуудад таримлаар өргөн тархсан байдаг гэнэ.
Модны хаан гэгддэг агч мод тарих аянд Ховд, Эко, Олон ястан, Жаргалант, Ховдын мэдээ, Ховдын толь сонины сэтгүүлчид сайхан санаачилга гаргаж нийгмийн хөгжилд тустай сайн үйлсийн аянд оролцлоо.
А.Бямбасүрэн