Японы Ерөнхий сайд Ясүкүни сүмд өргөл барьц илгээжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2020-04-21 14:57:32

ТОКИО. /RIA Novosti/. Японы Ерөнхий сайд Абэ Шинзо синто шашны Ясүкүни сүмд өргөл барьц илгээлээ гэж “Kyodo” агентлаг мэдээллээ.


Азийн орнуудын хувьд уг сүм нь Японы милитаризмын бэлгэ тэмдэгт тооцогддог билээ. Тэрбээр сүмийн хаврын тахилга эхэлсэнтэй холбоотойгоор өргөл барьц илгээсэн байна. Японы Ерөнхий сайдаас гадна тус улсын нийт үндэсний хэрэг эрхлэх сайд Санаэ Такаити, Эрүүл мэнд, хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд Кацунобу Като нар өргөл барьц илгээжээ. Энэ жил коронавирусний халдвар тархсаны улмаас хаврын тахилгын ёслол дөрөвдүгээр сарын 22-ны өдөр хүртэл ердөө хоёр хоног үргэлжлэх аж. Сүмд биечлэн очдог уламжлалтай, парламентын зарим гишүүн энэ жил сүмд очихгүй байна.


Абэ Шинзо 2012 оны 12 дугаар сард Японы Ерөнхий сайдаар сонгогдсоныхоо дараа 2013 оны 12 дугаар сард ердөө ганцхан удаа сүмд биечлэн очиж байжээ. Тухайн үед түүнийг сүмд очсоныг БНХАУ болон БНСУ-ын эрх баригчид эрс шүүмжилж, гурван орны харилцаа хурцдаж байв. Үүнээс хойш Абэ жилд гурван удаа хавар, намрын тахилгын үеэр болон Дэлхийн II дайнд Япон улс бууж өгсөн өдөр буюу наймдугаар сарын 15-ны өдөр зөвхөн өргөл барьц илгээдэг болжээ.


Японы синто шашны уг сүмд XIX зууны дунд үеэс хойш байлдааны талбарт амь үрэгдсэн бүх цэргийн нэрсийн жагсаалт хадгалагддаг байна. Уг жагсаалтад цэргийн гэмт хэрэгтэнд тооцогдож, Токиогийн шүүх хурлаар цаазын ял авсан хүмүүсийн нэрс байдаг ажээ. Тиймээс Ясүкүни сүмд Японы албаны хүмүүс очих, өргөл барьц өргөх бүрт Дэлхийн II дайны үед Японы түрэмгийлэлд өртөж байсан Хятад, Өмнөд Солонгос зэрэг Азийн улс орнууд уг үйлдлийг доромжлол гэж үзэн эсэргүүцсээр иржээ. 

相关新闻