Барьцаанд байгаа Израилын бүх иргэнийг суллахыг зөвшөөрчээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | УЛС ТӨР
Jargal.d@montsame.mn
2025-10-04 11:30:15

ГАЗА, 2025 оны аравдугаар сарын 4 /BBC/. Палестины ХАМАС бүлэглэл Израилын бүх иргэнийг суллахад бэлэн байгаагаа илэрхийлсний дараахан АНУ-ын Ерөнхийлөгч Дональд Трамп барьцаалагдсан хүмүүсийг суллах нөхцөлийг бүрдүүлэхийн тулд Израилын тал Газын зурвас руу хийж буй дайралтаа нэн даруй зогсоох ёстой гэж мэдэгдлээ.


Өмнө нь Трамп Газын зурваст энх тайван тогтоох төлөвлөгөөг нь ХАМАС ням гаргийн орой гэхэд хүлээн зөвшөөрөх, эсвэл бүрмөсөн устгагдах хоёрын нэгийг сонгох ёстой гэж мэдэгдсэн юм. 


Харин баасан гаргийн орой ХАМАС олон нийтийн сүлжээгээр мэдэгдэл хийж, Трамп, Нетаньяху нарын зөвшилцсөн уг төлөвлөгөөний зарим заалтыг хэсэгчлэн хэрэгжүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлжээ. 


“Газын зурвас дахь цэргийн ажиллагааг бүрэн зогсоож, бүх цэргийг гаргахын тулд барьцаалагдсан бүх хүнийг амьд болон нас барсан аль алиныг Ерөнхийлөгч Трампын санал болгосон солилцооны нөхцөлөөр суллахыг зөвшөөрч байгаагаа мэдэгдэж байна” гэж уг мэдэгдэлд дурджээ. ХАМАС мөн барьцаалагдсан хүмүүсийг суллах ажиллагааны журмын талаар зуучлагч талуудтай нэн даруй хэлэлцээ эхлүүлэхэд бэлэн гэдгээ илэрхийлсэн байна.


Мөн “Газын зурвасын удирдлагыг Палестины үндэсний зөвшилцөл болон араб, исламын хамтын нийгэмлэгийн дэмжлэгт тулгуурласан Палестины бие даасан (технократ) байгууллагад шилжүүлэхийг дэмжиж байгаагаа мэдэгджээ.


ХАМАС-ын мэдэгдлийн дараахан Д.Трамп өөрийн “Truth Social” сүлжээнд шинэ бичвэр оруулж, тус бүлэглэлийн энэхүү байр суурь нь түүнд “[энэ бүлэглэл] урт удаан хугацаанд үргэлжилсэн ЭНХ ТАЙВАН тогтооход бэлэн байна гэж итгэхэд хүргэж байна” хэмээн  мэдэгдсэн байна.


“Израилын тал Газын зурвасыг бөмбөгдөхөө нэн даруй зогсоох ёстой. Ингэснээр бид барьцаанд байгаа хүмүүсийг хурдан, аюулгүй буцааж авна.  Яг одоо нөхцөл байдал хэтэрхий эрсдэлтэй байна. Бид ямар нарийн зохицуулалтууд шаардлагатайг аль хэдийн зөвлөлдөж эхэлсэн” гэж тэрбээр бичжээ. 


ХАМАС мэдэгдэлдээ Газын зурвас болон Палестины нутаг дэвсгэрийн ирээдүйн талаарх Трампын төлөвлөгөөний бусад хэсгийг шууд дэмжиж буйгаа илэрхийлээгүй бөгөөд эдгээр асуудлыг хэлэлцэж байгаа гэжээ. 


Тухайлбал, төлөвлөгөөний гол шаардлагуудын нэг болох ХАМАС зэвсгээ хураалгаж, Газын зурвасыг удирдахад цаашид оролцохгүй байхыг зөвшөөрч буй эсэхийг дурдаагүй байна.


Газа дахь дайныг зогсоох хэлэлцээнд гол үүрэг гүйцэтгэсээр ирсэн Катарын тал ХАМАС-ын хариуг сайшаагаад барьцаалагдсан хүмүүсийг аюулгүй, хурдан суллахын тулд нэн даруй гал зогсоох АНУ-ын Ерөнхийлөгчийн мэдэгдлийг дэмжиж байгаагаа илэрхийлжээ.

相关新闻