Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл хангах албан даалгавар гаргалаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг дарга 2019-2020 оны
элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэл ажлыг хангах, эрчимжүүлэх зорилгоор албан
даалгавар гаргаж, аймгийн хэмжээний бүх сургуульд хүргүүллээ.
Улсын онцгой комисс, ЭМЯ, БСШУСЯ, аймгийн Онцгой комиссоос “СOVID-19” цар тахлын нөхцөл байдалтай холбогдуулан гаргасан шийдвэрүүдийг аймгийн Засаг дарга үндэслэн боловсрол соёл, урлагийн газар, сургуулийн захирал, багш нарт тусгайлан чиглэл өгсөн байна.
Элсэлтийн ерөнхий шалгалтын бэлтгэлийг чанартай хангуулах зорилгоор сорилго шалгалтыг 3-аас доошгүй удаа авах, шалгалт авсан тухай бүр сурагчдын түвшинг тодорхойлон, ахиц гарч буй эсэхэд дүгнэлт хийж, арга зүйгээр хангах, даалгавар, зөвлөмж боловсруулан сургуулиудад хүргэж, хэрэгжилтийг хангуулах, хяналт тавихыг аймгийн Боловсрол, соёл урлагийн газарт даалгажээ.
Багшийн өгсөн үүрэг даалгаврын хэрэгжилт болон цахим хичээл үзэх, сурах бичигтэй ажиллах, бие даан суралцах талаар суралцагчдыг идэвхжүүлэх, багш нарын хяналтыг сайжруулах, сурагчдын түвшин тогтоох сорилго шалгалтуудад дүн шинжилгээ хийж, сорилын үнэлгээний ахиц, бууралт, ирцийн мэдээллийг эцэг, эх, асран хамгаалагч нарт тогтмол мэдээлж хамтран ажиллахыг сургуулийн захирал, багш нарт чиглэл болгосон байна.