Булган аймгийн түүхийн дурсгалт зүйлийн судалгаа 150 жилийн өмнөөс эхэлжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн
нутаг дэвсгэр нэн эртнээс монгол туургатны өлгий нутаг байсан нь археологийн
олдвор баримтаар батлагддаг бөгөөд түүнийг судлах ажил 150 жилийн өмнөөс
эхэлжээ. Монголын анхны төрт улс болох Хүннү болон Нирун, Сяньби, Түрэг,
Уйгарын хаант улс, Кидан, Киргиз зэрэг улсууд оршин тогтнож байсны ул мөр,
хөшөө дурсгал олон байдаг.
Дашинчилэн
сумын нутагт байдаг Харбухын балгасыг 1870-аад онд Оросын эрдэмтэн А.Падерин
олж судалснаар тус аймгийн нутаг дэвсгэр дэх түүх, соёлын дурсгалт зүйлийг
шинжлэн судлах ажил эхэлжээ. Үүний дараа
XIX зууны сүүлээр
Оросын эрдэмтэн Д.Келеменц нар Хар бухын балгас болон Цогт тайжийн цагаан
байшинг үзэж анхны эрдэм шинжилгээний тодорхойлолт бичсэн байна.
Аймгийн ИТХ аялал жуулчлалыг хөгжүүлэх
мастер төлөвлөгөөг өнгөрсөн онд баталж, эртний хот балгадын туурь зэргийг
түшиглэн түүхэн аялал жуулчлалын бүс тогтоосон юм. Тус аймагт Баян-Агт сумын
Шивээт-Улаан гэдэг газар орших хүн чулууны цогцолбор, Дашинчилэн сумын Халдунзүрх
ууланд байх Цогт тайжийн цагаан байшингийн балгас, бичигт хөшөө, мөн сумын
нутагт байдаг Харбухын балгас, Чин толгойн балгас, Могод сумын Хөл Асгатад
байдаг Түрэгийн алтан тамгын дархны бичигт хөшөө, Сайхан сумын Могойн гол, Шинэ
ус нуурын зүүн талын Хиргист хөндийн аманд орших Уйгарын Моюунчурын гэрэлт
хөшөө, Хутаг-Өндөр сумын Бийбулагийн балгас зэрэг улсын хамгаалалтад авсан
түүх, соёлын дурсгалууд байдаг гэж аймгийн музейн ажилтан Р.Болд ярилаа.
Дашинчилэн сумын Харбухын голын
хөвөөнд байдаг Хар балгасыг нутгийнхан Цогт тайжийн балгас, Хадаасангийн балгас
гэж нэрлэдэг. Хар балгаснаас IX-X зууны кидан
бичигтэй дээврийн ваар олдсон учир Киданы үед хамааруулан үздэг бөгөөд XVII зууны үед
хэрмийн туурь дотор монголчууд чулуун хийд барьжээ. Хэрмийн туурь нь хааш
хаашаагаа
500 орчим метр талбайтай байсан нь мэдэгдэж, түүний дотор баруун, зүүн тийш гарсан гол гудамжны хоёр талаар хотын барилгууд байсан оромтой бөгөөд зарим нь тусгай хэрэм, шуудуун хамгаалалттай байжээ. Хэрмийн барилгыг галт уулын хүрмэн чулуу, битүү занар чулууг үелүүлэн алаглуулж өрж барьсан нь гайхамшигтай юм.
Энэ
балгас орчмоос эрдэмтэн Х.Пэрлээ XV-XVI зууны үед
холбогдох үйсэн дээр бичсэн Монгол хуулийн эмхэтгэлийг олжээ. Үйсэн дээр бичсэн
номонд янз бүрийн шашны сэдэвтэй судар, хууль цаазын эмхэтгэл, монгол бичгийн
цагаан толгойн үсэглэл зэрэг зүйлсийг бичсэн байжээ.