Сэлэнгийн бог будаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-19 12:43:26

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн брэнд бүтээгдэхүүний дотор айрагтай хамт нэрлэгдэх нэгэн өвөрмөц хүнс бол бог будаа. Уламжлалт нэр нь “хар будаа” гэж байж. Будааны үр нь “хар” учир тэгж нэрлэж ирсэн гэдэг. Гэтэл боловсруулаад хэрэглэх эцсийн бүтээгдэхүүн гарахаараа “шар будаа” болдог. Сүүлийн үед сум, аймгийн брэнд бүтээгдэхүүн болгохдоо “жижиг” буюу “Бог будаа” гэж нэрлэсэн аж. Энэ будааг ард иргэд эрт дээр үеэс эхлэн Сэлэнгэ мөрний сав дагуух газарт тарьж, хүнсэндээ хэрэглэж иржээ.

         

Сэлэнгэ сумын өндөр настан, эдүгээ 92 настай З.Пагма:

Намайг хорвоотой танилцаж, мэдээ орохын л хар будаа тарьж иддэг байсан. Их эртнээс л тариалж ирсэн байх. Модон анжсаа үхэрт хөллөн газар хагалж тарьж байсан. Анжис жижиг төмөр хошуутай байна. Тэр нь ховор л доо. Зарим айл анжисны модоо үзүүрлэж шовхлоод газар хагалж тарьж байсан. Тарьсан будаагаа намар зулгааж хураана. Зарим хүмүүс хадуураар хаддаг байсан. Үхрээр гишгүүлж будаагаа цайруулна. Намайг бага байхад идэж уух юм хомс байлаа.

Хар будаагаа чанана. Будаа болоод ирэхээрээ гаднах хальс нь дутуу ангайдаг. Тэгэхээр нь усаар угаагаад шүүж авна. Наранд хатаагаад нүдэж хальслаад хэрэглэнэ. Буудай арвай бас тарьдаг байлаа. Пансаншааны гурил гэж байна.


- Ямар гурил байсан юм бол?

- Аан. Бас буудай тарьж байсан. Түүнийгээ чулуун тээрмээр тээрэмдээд гурил болгоно. Пансаншааны гурил нь 1-р гурил гэсэн үг. Цагаан гурил байна. Шашааны гурил гэдэг нь хоёрдугаар зэргийнх. Бүдүүн пианы гурил нь гуравдугаар зэргийн гурил байлаа. Пансаншааны гурил одоогийн оросын нэгдүгээр гурил шиг л байв хэмээн хуучиллаа.


Тус сумын Сэлэнгэбүрэн багийн иргэн Б.Батсайхантай уулзахад бас нэгэн сонин түүх хуучиллаа.

Бог будаа маш эртний түүхтэй хүнс гэдэг нь одоо мөр төдий эдгэсэн шуудуу батлаад байх шиг санагддаг. Үл мэдэг шуудууг хар будаа тариалж, усалж байсны ул мөр гэж ярьдаг байсан гэлээ. Түүний эцэг малын эмч Баясгалан бог будааг тариалж хүн амыг хүнсээр хангах, нутгийн нэртэй бүтээгдэхүүн гаргах саналыг сумын удирдлагад тавьж, анхны брэнд бүтээгдэхүүн гэсэн шагнал хүртэж байсан хүн аж. Эднийхэн хэдэн үеэрээ бог будааг тариалж иржээ. Одоо хүү Батсайхан нь бог будааг өрхийн бизнес болгон хөгжүүлж чамгүй амжилтад хүрч байна.

Амь зуух төдийд л хар будаа тариалдаг байсан байх. Нүүдэллэн амьдардаг болоод ч тэр юм уу урт хугацаанд хадгалан хэрэглэх, одоогоор бол стратегийн хүнс байсан байх гэж боддогоо тэр хэлсэн юм. Эртний уламжлалаар боловсруулсан хар будаа буюу бог будааг чийг авахуулахгүй бол удаан хугацаагаар хадгалан хэрэглэж болох хүнс аж. Монголчууд нүүдэллэн амьдрах, аян жинд явахдаа тулга тулж цайгаа чанан бог будаагаа дэвтээж идээд суугаад босохын хооронд хооллодог байсантай холбоотой байж мэднэ.

Бог будаа богино хугацаанд болц нь гүйцдэг гэнэ. Зуны хоёр сар гаруйхан хугацаанд болц нь гүйцэж, есдүгээр сарын эхээр ургацаа хураадаг. Бог будааны үйлдвэрлэл гар аргаар хийдэг болохоор их хэмжээтэй тарьж, боловсруулахад одоохондоо боломжгүй байна гэж тариалан эрхлэгчид ярьж байна. Бог будааны үрийг хөрсөнд цацаж тариад, гараар хураадаг. Гар хадуураар хадан хурааж, дээгүүр нь үхэр, адуугаар гишгүүлж цайруулна. Эдүгээ трактороор дээгүүр нь холхиж цайруулдаг болсон аж. Цайруулсан будааг салхинд тавьж иш, лайнаас нь салгана. Түүний дараа чанаж болгож хатаагаад уур нүдүүрээр хальсалж жинхэнэ бог будаагаа гаргаж авдаг. Одоогоор энэ үйлдвэрлэлийг механикжуулж чадаагүй аж. Зарим нэгэн ажлыг хөнгөвчилж байна. Тэгэхдээ бог будаа тариалагчид уламжлалт аргаар боловсруулахыг илүүд үздэг.

Бог будааны үйлдвэрлэлийг нэмэгдүүлэхэд уйгагүй ажиллаж байгаа хүмүүс бол “Сайхан харзтай” ХХК-ийнхан. Гэр бүлийн хоёр М.Баттөгөлдөр, Б.Ганчимэг нар бог будааг брэнд бүтээгдэхүүн болгоход ихээхэн хүчин зүтгэжээ.

Арван хэдэн жилийн өмнө нийслэлд үзэсгэлэн худалдаанд оролцоод тавхан кг будаа борлуулж, орлого дээрээ лангууны түрээс нэмж төлөөд хүүхдүүддээ “хотын чихэргүй хоосон ирэх” тохиолдол гарсан ч бүтээгдэхүүнээ олонд таниулах хэрэгтэй юм гэсэн бодолд автаж, сурталчилгаа хийх, үйлдвэрлэлээ өргөжүүлэх ажилдаа шуударсан гэдэг. Тэднийг сумын Засаг дарга нь дэмжиж, “Хангайн бүсийн үзэсгэлэн худалдаа”-наас шилдэг бүтээгдэхүүний шагнал хүртсэн нь урам хайрлаж, бог будааг боловсруулах төвөгтэй ажлаас хойш суулгаагүй байна.

“Сайхан харзтай” компани гар ажиллагааг боловсронгуй болгох, хөдөлмөрийн бүтээмжийг дээшлүүлэх зорилгоор жижиг комбайнаар будаагаа хурааж, модон уур нүдүүрээ механик болгожээ.

Брэнд болсон бог будаа уураг ихтэй, төмөр агуулдаг учир нярайлсан эхийн хөхөнд сүү оруулах, ясны сийрэгжилтийн эсрэг үйлчилгээтэй хэмээн иргэд хэрэглэх нь улам ихэсчээ. Сүүлийн үед чихрийн шижин өвчтэй хүн хэрэглэдэг хүнс болоод байгааг нутгийнхан ярьж байна. Тиймээс Сэлэнгийн бог будаа тариалдаг хүмүүсийн бүтээгдэхүүний захиалга нэмэгдэж, тасралтгүй үйлдвэрлэх боломж нээгдээд байна.

“Сайхан харзтай” компани Стандартчилал, хэмжил зүйн үндэсний төвөөс “Хүнсний бүтээгдэхүүн бог тарианы \чангаамал\ болсон будаа MNS 4632:98 стандарт авчээ. Дэд доктор, дэд профессор Л.Дамдинсүрэн, эрдэм шинжилгээний ахлах ажилтан Г.Оюун, эрдэм шинжилгээний ажилтан Ш.Алтанцэцэг нар энэ стандартыг боловсруулан батлуулсан байна. Болсон будаа, амтлаг будаа гэсэн хоёр ангиллын стандарт гаргаж, болсон будаа нь бог будаа бөгөөд харин болсон будаан дээр сүү, цөцгий, цөцгийн тос, чихэр болон бусад төрлийн хүнсний амтлагчийг нэмж болох бөгөөд тэр нь амтлаг болсон будааны стандартыг хангадаг аж.

Толбо бүхий тод шараас шар цагаан өнгөтэй, хуурсан будааны үнэр, амттай, исгэлэн, гашуун, хөгц зэрэг бусад гадны үнэр амтгүй байна гэж болсон бог будааг тодорхойлсон. Болсон будааны физик, хими, эрүүл ахуйн үзүүлэлтийг заахдаа чийг 6,0 хувиас ихгүй, тослог, чихэрлэггүй, төмөрлөг хольц 3,0 мг\кг ихгүй байхаар заасан байна. Эл будааг эрүүл ахуйн  шаардлага хангасан хүнсний зориулалтын төрөл бүрийн нийлэг эд болон картон, цаасан сав уутанд савлахаар баталжээ. Савласан болсон будааг агаарын солилцоо сайтай +5 хэмээс дээшгүй дулаантай, 60 хувиас дээшгүй агаарын харьцангуй чийглэгтэй, хортон шавьжаар бохирдоогүй, гадны өвөрмөц үнэргүй нөхцөлд 5 сар хүртэл хүгацаагаар хадгална гэсэн стандарт байна.

Түүхий эд буюу боловсруулаагүй будааны хувьд хадгалалтын хугацаа урт байх бөгөөд жилийн турш боловсруулан хэрэглэх боломжтой юм байна.


Сэлэнгэ сумын Засаг дарга Ш.Насандулам:

2004 онд Засаг даргаар томилогдоод малын эмч Баясгалан гэдэг хүний бог будааг сумын хэмжээнд тариалж хүнсэнд хэрэглүүлье гэдэг саналыг дэмжсэн. Төмрийн агуулга ихтэй, нярайлсан эхийн хөхөнд сүү оруулдаг, хүүхдийн хоол тэжээл нөхөхөд тустай будаа байсан гэдгийг ардын уламжлалт арга ухаанаас мэдээд сумынхаа хэмжээнд брэнд болгож онцолсон. Анх өрх бүлийн хэмжээнд тариалж байсан бол “Сайхан харзтай” компани болоод үйлдвэрлэж байна. Мөн 2-3 өрх бог будааг эрчимтэй үйлдвэрлэж зах зээлд борлуулж байна. Зах зээлийн эрэлт их байгаа. Төв суурин газрынхан их захиалдаг боловч уламжлал аргаар тарьж хурааж, боловсруулдаг учир зах зээлийн эрэлтийг хангах хэмжээнд үйлдвэрлэж бүрэн дүүрэн чадаагүй байгаа талаар ярилаа.

Сэлэнгийн бог будаа “Хангайн бүсийн шилдгийн шилдэг хүнсний бүтээгдэхүүн”, “Үндэсний шилдэг 99 бүтээгдэхүүн”-ий нэгээр шалгарсны дээр олон улсын үзэсгэлэнгээс шагнал хүртсэн байна.

Манжуур хотноо болсон Монгол, ОХУ, БНХАУ-ын шинэ техник, технологийн найм дахь удаагийн үзэсгэлэн худалдааны зохион байгуулагчид өөрсдөө бог будааг шинжлэн судалж шилдэг үйлдвэрлэгчийн шагналыг олгосон байна. “Сайхан харзтай” ХХК-ийхан Манжуур хотын шинжлэх ухааны газрын шинжилгээний дүгнэлтийг авах хүсэлт гаргахад төлбөр нэхсэн учир тухайн үедээ авч чадаагүй байна. Түүнээс хойш өмнөд хөршөөс бүтээгдэхүүн авах хүсэлт их ирсэн гэдэг.

Эртнээс уламжлан хэрэглэж ирсэн бог будаа эрүүл мэндэд тустай, экологийн цэвэр бүтээгдэхүүн гэдгээрээ брэнд болж Булганхангай нутгийнхан зах зээлд борлуулж байна. Бог будаа хадгалалт даах болгосон идээ учир өвөг дээдэс ахуй амьдралдаа олон зуун дамжин хэрэглэж ирсэн хүнс ажээ.  

相关新闻