Зөгийн аж ахуй эрхлэх чиглэлээр мэргэжил олгоно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймаг дахь Хөдөө аж ахуйн мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төв
хөдөө аж ахуйн чиглэлээр дагнасан сургалт явуулж байгаа мэргэжлийн сургалтын
байгууллага юм. Тус төвийн захирал Н.Пүрэвсайхантай уулзаж ярилцлаа.
- Хөдөө аж ахуйн салбарт шаардлагатай ямар чиглэлээр мэргэжил олгож байна вэ?
- Энэ хичээлийн жилд найман мэргэжлээр нийт 175 суралцагч элсүүлэн хичээллэсэн. Манай сургууль ХНХЯ-наас барьж байгаа бодлогоор мэргэжлийн сургалтын байгууллагыг төрөлжүүлэн хөгжүүлэх чиглэлийн хүрээнд хөдөө аж ахуйн дагнасан мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулдаг онцлогтой. Хүлэмжийн аж ахуйн фермер, хүнсний ногооны фермер, малын асаргаа, сүү боловсруулах үйлдвэрлэлийн ажилтан, жимс, жимсгэний аж ахуйн фермер, хөдөө аж ахуйн машин механизмын ашиглалт, засварчин, тракторын механик, ойжуулагч гэсэн мэргэжлээр сургалтын үйл ажиллагаа явуулж байна.
ХНХЯ-наас Азийн хөгжлийн банкны санхүүжилтээр хэрэгжүүлж байгаа “Хөдөлмөр эрхлэх ур чадварыг дээшлүүлэх төсөл”-ийн хүрээнд хөдөө аж ахуйн салбарын мэргэжлүүдийг сонгож хөрөнгө оруулалт хийж манай сургуулийн сургалтын бааз, орчныг сайжруулж байна.
- Хөдөлмөрийн зах зээлд танай сургуулийг төгссөн боловсон хүчний эрэлт хэр байдаг вэ? Төгсөгчдөөс ажлын байртай болж байгаа хүмүүс хэдэн хувийг эзэлж байгаа бол?
- Төгсөгчдийн ажил эрхлэлтийн асуудалд анхаарч байна. Хичээлийн жил бүрээр төгсөгчдийн судалгааг гурав, зургаа, 12 сарын дараах байдлаар тандах маягаар тогтмол авдаг. Өнгөрсөн жилийн төгсөгчдийн судалгааны дүнгээс харахад суралцагчдын 59,0 хувь ажлын байртай болсон байна. Салбарын яамнаас барьж байгаа бодлого, аймгийн Засаг даргын үйл ажиллагааны хөтөлбөрт төгсөгчдийн 70-аас доошгүй хувийг ажлын байртай болгоно гэсэн зорилт тавьж байгаа. Цаашдаа бид энэ зорилтыг хэрэгжүүлэх, төгсөгчдийг өөрөө өөртөө ажлын байртай болгох, ажилд зуучлах зэрэг боломжуудыг хангахын төлөө ажиллаж байна. Хөдөө аж ахуйн салбарын мэргэжлийн хувьд онцлог байдаг. Өөрсдөө ажлын байр бий болгоод зах зээлд хөлөө олоод явах боломжтой мэргэжлүүд бий. Үүний хүрээнд ХНХЯ-наас хэрэгжүүлж буй хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хөтөлбөрийн хүрээнд төгсөгчдөө бүлгийн зохион байгуулалтад оруулах, дангаар нь төсөл бичүүлэх зэргээр төсөлд хамруулах зорилгоор холбогдох байгууллагуудтай хамтран ажиллаж байна.
- Элсэгчдийн хувьд өөр аймгаас ирж суралцаж байна уу?
- Манайд Хөвсгөл, Архангай, Орхон аймгаас суралцагчид байна. Хөвсгөл аймгийн манайхтай хил залгаа сумдаас суралцагчид олон бий.
- Мэргэжлийн сургалт үйлдвэрлэлийн төвд суралцагчдын дундаж нас хэт өндөр байна гэсэн шүүмжлэл гардаг. Танай сургуулийн хувьд ямар байна вэ?
- Манай суралцагчдын дундаж нас гайгүй, өндөр биш. Хөнгөн үйлдвэрийн чиглэлийн мэргэжил биш хөдөө аж ахуйн чиглэлийнх учраас сурч байгаа иргэд хайрцангуй залуу байдаг. Суралцагчдын хувьд тэдээс доош насны хүн суралцах ёстой гэсэн хязгаар байхгүй. Ер нь насан туршийн боловсрол гэж ярьдаг. Өдөр тутам шинэ технологи нэвтэрч ажлын орчин өөрчлөгдөж байгаа үед хүмүүс тухайн ажлын байран дээрээ зохицох, шинэ чадвар эзэмших тал дээр зайлшгүй чадамж дутагдаж байдаг. Тиймээс суралцахад насны хязгаар байхгүй. Төрөөс мэргэжлийн боловсролын байгууллагад суралцагчдад үзүүлж байгаа дэмжлэгийн хувьд насны хязгаар тогтоосон байдаг. Суралцагчдад сар бүр 200,0 мянган төгрөгийн тэтгэлэг олгож байгаа. Засгийн газрын тогтоолоор энэ тэтгэлгийг 45-аас доош насны хүмүүст олгохоор болж, энэ оны эхнээс мөрдөж байна. Харин 45-аас дээш насны иргэд өөрсдөө сурахаар сонирхсон тохиолдолд тэтгэлэг авахгүйгээр ямар нэгэн хөнгөлөлт эдлэхгүйгээр мэргэжил эзэмших нь нээлттэй. Мөн үүнээс гадна элсэлтийн бодлого барьдаг. Элсэгчдийн хувьд мэргэжлийн онцлогоос шалтгаалан ямар ур чадвар шаардсан байх вэ гэдгийг журамласан байгаа.
- Захиалгаар мэргэжилтэй хүмүүс сургаж байна уу? Байгууллага, аж ахуйн нэгж мэргэжилтэй хүний нөөц бүрдүүлэхээр захиалга өгөх үү?
- Хөдөлмөрийн зах зээлийн эрэлтэд нийцүүлж, элсэлтээ зохион байгуулж авдаг. Аймгийн мэргэжлийн боловсрол сургалтын орон нутгийн салбар зөвлөл гэж байдаг. Энэ салбар зөвлөлөөр тухайн хичээлийн жилд элсүүлэх элсэгчдийн хяналтын тоогоо хэлэлцүүлж, дэмжүүлэн ХНХЯ руу явуулж батлуулдаг. Үүний хүрээнд аймаг, орон нутгийн мэргэжилтэй ажилтны захиалга авах, сургах ажлыг хамтран хэрэгжүүлж байна. Мөн ойжуулагч мэргэжлийн ангид аймгийн Байгаль орчин, аялал жуулчлалын газартай хамтарч, НҮБ-ын хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын төслийн хүрээнд ойн нөхөрлөлүүдийн гишүүдэд мэргэжил эзэмшүүлэх захиалгат сургалтыг зохион байгуулж байсан. “Оюутолгой” төслийн хөрөнгө оруулалтаар насанд хүрэгчдийн захиалгат сургалт зохион байгуулж байсан. Сүүлийн жилүүдэд аймгийн хөдөө аж ахуйн салбарт хэрэгжиж байгаа төсөл, хөтөлбөрийн хүрээнд мэргэжилтэй ажилтан бэлтгэх бодлого баримталж байна.
- “Шинэ хөдөө” төсөл хэрэгжиж хөдөө аж ахуйн бүх салбарт хөрөнгө оруулалт хийлээ. Үүний үр дүн мэргэжлийн хүмүүсээс их шалтгаалах байх. Мэргэжлийн боловсролын байгууллагын хувьд энэ чиглэлээр мэргэжилд бэлтгэх үү?
- Манай сургалтын чиглэл хөдөө аж ахуйд хэрэгжиж байгаа төсөлтэй уялдаж байгаа. Ирэх хичээлийн жилд зөгийн аж ахуй эрхлэгч мэргэжлийн ангийг шинээр нээхээр бэлтгэл хангаад байна. “Булган зөгий” хөтөлбөрийн хүрээнд иргэдэд 250 бүл зөгий олгосон байгаа. Эдгээр иргэдийн ур чадварыг дээшлүүлэх шаардлага байгаа юм.
- Ярилцсан танд баярлалаа.