Аймгийн Онцгой комисс Бичигт боомтыг нээх шийдвэр гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
odonchimeg@montsame.mn
2020-04-16 16:49:58

Сүхбаатар /МОНЦАМЭ/. Аймгийн Онцгой комисс хуралдлаа. Бичигт боомтын бэлтгэл бэлэн байдал бүрэн хангагдсан учир газрын тос, нүүрс болон бусад баялгийн тээвэрлэлтийг эхлүүлэх шийдвэрийг гаргалаа. Аймгийн онцгой комиссоос гарсан уг шийдвэрийг Улсын онцгой комисст танилцуулсны дараа хил нээх өдөр тодорхой болно.

Мэргэжлийн хяналтын газраас өгч буй мэдээллээр Бичигт боомт дахь ариутгал халдваргүйтгэлийн түр пунктын ажил 100 хувь дууссан. Тус пункт нь ариутгалын дөрвөн төхөөрөмжөөр тоноглогдсон бөгөөд энэ нь тээврийн хэрэгслийг дөрвөн талаас нь шүршиж ариутгах хүчин чадалтай. Пунктээс гарч буй бохир усыг зориулалтын саванд хуримтлуулж зөөвөрлөх байдлаар шийдвэрлэсэн бол пунктын хажууд нэмэлтээр хоёр тандалтын байрыг барьжээ. Мөн зайлшгүй шаардлагатай байсан ариутгалын автоклавыг аймгийн Онцгой комиссын дэмжлэгтэйгээр авч байршуулжээ. Ингэснээр боомтыг нээх нөхцөл бүрдсэн, урьдчилан сэргийлэх, ариутгал халдваргүйжүүлэлтийн бэлэн байдал хангагдсан гэж үзэж байгаа юм.


Улмаар боомтын үйл ажиллагааг эхлүүлэх болсонтой холбоотойгоор тээвэрлэлтийг жигдрүүлэх, зарим шаардлагатай арга хэмжээг авч хэрэгжүүлэх асуудлаар аймгийн Засаг даргын орлогчоор ахлуулсан ажлын хэсгийг Бичигт боомтод ажиллуулахаар үүрэг чиглэл өглөө.


相关新闻