Хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг анхаарууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СҮХБААТАР
Сүхбаатар /МОНЦАМЭ/. Сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг зогсоож, хорио
цээрийн дэглэм тогтоогоод байгаа энэ үед өсвөр насны хүүхдүүд гэмт хэрэгт холбогдох, гэмт хэргийн хохирогч болох
цаашлаад амиа хорлохыг завдах үйлдлийг гаргаж буйтай холбоотойгоор эцэг
эхчүүдийг хүүхэддээ тавих хараа хяналтаа нэмэгдүүлэхийг анхаарууллаа.
Учир нь 04 дүгээр
сарын 14-ний өдөр 21 настай М өндөр барилга дээрээс үсэрч амиа хорлохыг завдсан
хэргийг Цагдаагийн газрын алба хаагчид таслан зогсоож, охины амийг аварч холбогдох
мэргэжлийн байгууллагуудад хүлээлгэн өгсөн. Мөн 2020 оны нэгдүгээр улирлын
байдлаар аймгийн хэмжээнд хүчингийн гэмт хэрэг дөрөв гарсны гурван үйлдлийнх
нь хохирогч хүүхэд байгаа юм. Энэ төрлийн гэмт хэрэг нь ихэнхдээ гэр бүлийн
орчинд үйлдэгдэж байгааг мэргэжлийн байгууллагууд хэлж байна. Тиймээс хорио цээрийн
дэглэм тогтоогоод байгаа энэ үед эцэг эхчүүд хүүхдүүддээ ялангуяа оюутан сурагчид,
өсвөр насныханд тавих хараа хяналтаа нэмэгдүүлж, чөлөөт цагаараа юу хийж, хаагуур
явж байгаа, хэнтэй нийлж байгаа зэрэгт нь тогтмол хяналт тавьж, сонор сэрэмжтэй байхыг аймгийн
Цагдаагийн газраас анхаарууллаа.