Японы эрх баригчид 1000 гаруй зочид буудал түрээсэлжээ

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
ayanzaya@montsame.gov.mn
2020-04-15 13:07:18

ТОКИО. /TASS/. Японы Засгийн газар коронавирусний халдвар авсан, хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдэд зориулж орон даяар нийт 1000 гаруй зочид буудал, байгууламжийг түрээслэн авчээ.


“Бидэнтэй мянга гаруй зочид буудлын болон бусад газрын удирдлага хамтран ажиллахад бэлэн байгаагаа илэрхийлсэн. Хөнгөн шинж тэмдэгтэй өвчтөнүүдийг нийт 150 мянга гаруй өрөөнд байрлуулах боломжтой болоод байна” гэж Японы Газар, дэд бүтэц, тээвэр, аялал жуулчлалын сайд Казуёси Акаба мэдэгджээ.


Эрх баригчид коронавирусний халдвар авсан хүнд өвчтөнүүдийг эмнэлгийн орнуудад хэвтүүлэхийн тулд хөнгөн шинж тэмдэг илрээд буй 37.5-с дээшгүй хэмийн халуунтай өвчтөнүүдээ зочид буудлууд, зэвсэгт хүчний байгууламжууд руу өнгөрсөн долоо хоногоос эхлэн шилжүүлжээ. Хотын эрх баригчид өрөөний төлбөр болон хоол хүнсний төлбөрийг төлөх бөгөөд зочид буудлуудад өдөр бүр эмнэлгийн ажилтнуудыг байлгах аж.


Үүнийг нөгөө талаас эрх баригчид зочид буудлын салбарт үзүүлж буй санхүүгийн дэмжлэг гэж харж байна. Тус улсад Токиогийн зуны олимпын наадмыг хойшлуулсны улмаас болон үйлчлүүлэгчдийн тоо огцом буурсны улмаас зочид буудлууд ихээхэн хэмжээний хохирол амсаад байгаа юм. 


Одоогоор Япон улсад коронавирусний халдварын 8100 тохиолдол бүртгэгдээд байгаа бол 146  хүн нас баржээ.

相关新闻