С.Мөнхтөр: Хаваржилт хэвийн байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2020-04-05 12:27:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хишиг-Өндөр сумын Засаг дарга С.Мөнхтөртэй уулзаж ярилцлаа.

         

- Хулгана жилийн хаврын дунд сар гарлаа. Хаваржилт тавлаг уу?

- Манай суманд 245,0 мянган толгой мал өвөлжиж, хаваржиж байна. Өвлийн хувьд харьцангуй сайхан байлаа. Хулгана жил гараад цас 3-4 удаа орж малчид болон мал бүхий иргэдийн хувьд нөхцөл байдал муудаж, мал бэлчээрлэх боломжгүй болж хүндрэл үүссэн. Сумын аюулгүйн нөөцөд байсан 90 тонн өвсөө хуваарилан борлуулж, өнгөрсөн сарын эхээр дууссан. Малчид өвс их хэрэгтэй байна гэсэн хүсэлт тавьж байсан. Энэ үед аймгийн Онцгой комиссоос 1500 боодол өвс, 400 шуудай тэжээл татаж авч, тарааж өгсөн. Одоо цаг агаар дулаарч хаваржилт хэвийн сайхан байна.

- Мал ид төллөж байна. Эх малын жилбэ, төлийн бойжилт хэр байна вэ?

- Одоогийн байдлаар бог малын төллөлт жигдэрч, бод малынх эхэлж байна. Сумын хэмжээгээр 117,8 мянган мал төллөнө. Төллөх малын 20 орчим хувь төллөж, төлөө 98,2 хувь бойжуулж байгаа. Малын жилбэ тааруу байна. Тиймээс хурга, ишгээ угжихаас эхлээд малчны арчилгаа маллагаа их шаардаж байна. Ерөнхийдөө цас их орж хүйтэрсэн учир ямаа хээл их хаясан байна. Ямааны төл муу авах нь гэж малчид ярьж байгаа. Өвөл, хавар хариг цагийг яаж давах нь малчин хүний жилийн дөрвөн улиралд малаа яаж маллаж байгаагаас их шалтгаалж байна. Хот айлуудын хаваржилт харилцан адилгүй байгаа нь үүнтэй холбоотой юм. Малдаа сайн  тарга хүч авахуулж, бэлтгэлээ хангасан малчид төлөө сайн бойжуулж байна.

Малын тоо  толгой тогтмол өсөж байгаагаас бэлчээрийн даац муудаж байна. Малчин 650 гаруй өрх байна. Бэлчээр сэлгэж ашиглахгүй доройтуулах асуудал их байна. Сумын удирдлага, төрийн байгууллага бэлчээрийн даац хэтэрч, үржил шим харьцангуй буурч байгааг малчдад анхааруулж ярьж, арга хэмжээ авч байгаа. Малчид малаа эрчимжүүлэх, тоо толгойг багасгаж, эдийн засгийн эргэлтэд оруулж байна. Ер нь ямар ч бодлогогүй хавтгайгаараа бэлчээрээ талхалж амьдарвал малын тоо хэдтэй байсан ч ялгаагүй цас зуд болж цаг хүндэрвэл модоо барих юм байна гэж малчид ярьж байна.

- Бэлчээрийн доройтолд үлийн цагаан оготны хөнөөл их байх шиг байна?

- Манай сумын 40,0 мянган га нутаг дэвсгэртт тархсан гэж үзэж байгаа. Дашинчилэн, Гурванбулаг сумтай хил залгаа нутаг, Харбухын голоос хойш үлийн цагаан оготны нүүдэл их байна. Сүүлийн гурван жилд улс, аймаг, сумын төсвийн хөрөнгө оруулалтаар хавар намартаа бэлчээрийн хөнөөлт амьтны устгал хийж байгаа нь тоо толгой багасгаж байгаа ч устгаж чадахгүй байна. Шувууны суудал, оготно баригч хийх, намар үлхий цөмөлж, ус цутгах зэргээр тэмцэж байгаа. Үлийн цагаан оготны нүүдэл их тэлээд явчихгүй байна.

相关新闻