Цэцэрлэгүүд хоол бэлтгэн нийлүүлэхээр болжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
munkhzul@montsame.mn
2020-02-27 17:02:55

Баянхонгор /МОНЦАМЭ/. Коронавирусний халдвараас урьдчилан сэргийлэх зорилгоор улс орон даяар өндөржүүлсэн бэлэн байдлын зэрэгт шилжсэнтэй холбогдуулан орон нутгийн автозамын хөдөлгөөнийг хязгаарлаж байнгын эргүүл постууд гараад буй.

Тус цэгүүдэд ажиллаж буй алба хаагчдад Баянхонгор сумын төвд үйл ажиллагаа явуулдаг цэцэрлэгүүд өөрсдийн хэмнэлтийн зардлаасаа хоол ундны асуудлыг шийдвэрлэж ажиллахаар болжээ. Баянхонгор сумын төвийг тойроод нийт 14 цэгт хяналтын постууд ажиллаж байгаа бөгөөд пост тус бүрийг нэг цэцэрлэг хариуцан ажиллаж эхэлсэн байна. Цэцэрлэгүүд хязгаарлалтын дэглэм дуустал буюу гуравдугаар сарын 03-ныг хүртэл өглөө, өдөр, оройн гурван хоолыг тус бүр 15 удаа бэлтгэн хүргэх аж. 

Өнөөдөр аймгийн ЗДТГ-ын НБХ-ийн дарга Д.Энхжаргал тус цэцэрлэгүүдийн эрхлэгчидтэй уулзаж орчин нөхцөлдөө ариутгал халдваргүйтгэлийг сайтар хийх, цэцэрлэг ажиллаагүй ч харьяаллын хүүхдүүддээ байнгын хяналт тавьж байх, Засаг даргын захирамжийг сайтар хэрэгжүүлж ажиллах үүрэг чиглэлийг өглөө.

相关新闻