Хүүхдийн хөгжлийг дэмжсэн аян энэ жил үргэлжилнэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-04-22 16:21:41

Завхан аймаг өнгөрсөн жил хүүхдийн хөгжлийг дэмжигч орон нутаг санаачилгын хүрээнд "Хүүхдийн төлөө за гэж хэлцгээе" аяныг жилийн турш амжилттай зохион явуулсан билээ.

Тэгвэл энэ жил тус аяныг үргэлжлүүлэн зохион байгуулахаар болж аяны туг, цом, хүндэт дэвтэр 24 сумаар аялахаар болжээ. Хүүхэд нэг бүрийн язгуур эрх ашгийг хангахад эсэн мэнд амьдрах, хөгжих, хамгаалуулах, нийгмийн амьдралд оролцох эрхийг нь эдлүүлэх зорилго бүхий аяныг Их-уул сумаас эхлүүлж байна. Дашрамд дуулгахад 2016 онд Завхан аймгийн 0-18 насны 24967 хүүхэд, тэдний 20 орчим хувийг эзэлж байгаа хамгаалал шаардлагатай зорилтот бүлэгт чиглэсэн ажлыг өргөжүүлж, салбар хоорондын хамтын ажиллагааг хүүхэд нэг бүрийн хөгжил, хамгааллын асуудалд чиглүүлэхэд Завханы 24 сумын байгууллага, хувь хүмүүс хамтран ажиллана.

Мөн хүүхдийн хөгжил, хамгааллын асуудлыг гэр бүлийн болон байгууллагын хөгжилд суурилсан бодлогын хүрээнд авч үзэж буйг нийгэм, олон нийтэд ойлгуулан, таниулах, хүүхэд, гэр бүлийн хөгжил, хамгаалал, хүүхдэд ээлтэй аюулгүй орчинг бүрдүүлэх талаарх салбар дундын зохицуулалт, уялдаа холбоог сайжруулах үр дүнтэй механизмыг бүрдүүлэх, хүүхдийн хөгжлийг дэмжигч байгууллага, сумдыг тодруулан алдаршуулах, хүүхдэд чиглэсэн төсөл, хөтөлбөрийн уялдаа, үр өгөөжийг дээшлүүлэхэд энэ аян үр дүнгээ өгнө хэмээн албаныхан хэлж байна.

Завхан Б.Мягмарсүрэн

相关新闻