Булган аймагт хүн нас барсан нь коронавирусний халдвар биш байжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хоёр хоногийн өмнө нас барсан хүнийг коронавирусний халдварын сэжигтэй тохиолдол байж болзошгүй хэмээн үзэж шинжилгээ хийлгэсэн юм. Уг тохиолдол ХӨСҮТ-ийн вируслогийн шинжилгээгээр онош нь үгүйсгэгдлээ гэж аймгийн Эрүүл мэндийн газар мэдээллээ.
Аймгийн нэгдсэн эмнэлэгт ирээд нас барсан Булган сумын 67 настай эмэгтэйн бэр нь энэ сарын 11-14-ний өдрүүдэд БНХАУ-ын Эрээн хот ороод ирсэн нь ийнхүү коронавирусний халдвараар өвчилсөн байж магадгүй гэж үзэх сэжигтэй тохиолдол байжээ.
Энэ талаар аймгийн Онцгой комисс, аймгийн удирдлага хэвлэл мэдээлэлд тодорхой мэдээлэл өгөөгүй бөгөөд зөвхөн аймгийн ЗДТГ-ын албан ёсны хуудсаар мэдээлэл дамжуулна гэж мэдэгдсэн юм.