Аймгийн хэмжээнд 140 тоологч Хүн ам, орон сууцны тооллогыг хийнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Монгол Улсын хүн ам, орон сууцны улсын ээлжит тооллого энэ сарын 9-нд орон даяар нэгэн зэрэг эхэлж, долоо хоног үргэлжилнэ. Тооллогыг аймгийн Статистикийн хэлтэс зохион байгуулахаар бэлтгэл ажлыг бүрэн хангаад байгаа бөгөөд нийт иргэдээ иргэнийхээ үүргийг биелүүлэн тооллогын үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, тоологч шалгагч нарт бодит мэдээллээ цааргалалгүй өгөхийг Баянхонгор аймгийн Статистикийн хэлтсээс уриаллаа.
Хүн ам, орон сууцны 2020 оны ээлжит тооллогод ажиллах тоологч, шалгагч бэлтгэх сургалт энэ сарын 2,3-ны өдөр Баянхонгор аймгийн ЗДТГ-ын хурлын танхимд болсон байна. Ийнхүү чадавхжсан 140 тоологч, шалгагч аймгийн хэмжээнд ажиллана.
Энэ удаагийн тооллогыг явуулснаар засаг захиргааны анхан шатны нэгжийн түвшинд ард түмнийхээ аж байдлыг өрх, иргэн бүрээр тодорхойлж, өнгөрсөн 10 жилийн ололт, амжилтыг дүгнэх, ирэх жилүүдийн бодлого хөтөлбөрийг төлөвлөх суурь мэдээллийг бий болгох талаар албаныхан танилцуулсан. Манай улс түүхэндээ 10 удаа хүн амын нэгдсэн тооллого явуулсан бөгөөд 1918 онд анхны тооллого хийж эхэлснээс хойш 100 жил өнгөрч, 2020 онд 11 дэх удаагаа хүн амаа тоолох гэж буй.
Иргэд тооллогын ажилтныг гэр, орон сууцандаа саадгүй нэвтрүүлж, үнэн зөв бүрэн мэдээлэл өгснөөр “Тоологдов” гэрчилгээг авах юм байна. Тооллогын үндсэн үр дүнг 2020 оны зургадугаар сард танилцуулах аж.