Булган аймгийн 2019 оны шилдэг ажилтнуудыг шалгарууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-31 11:34:18

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ, Засаг дарга 2019 оны шилдэг ажилтнуудыг тодрууллаа. Жил бүр уламжлал болгон 12 салбарын шилдэг ажилтнуудыг тодруулан алдаршуулдаг юм.

Аймгийн 2019 оны “Нутгийн өөрөө удирдах ёсны байгууллагын шилдэг ажилтан”-аар аймгийн ИТХ-ын төлөөлөгч, “Сайхан сэтгэл-Бат-Орших” сангийн тэргүүн М.Бат-Орших, “Нутгийн захиргааны байгууллагын шилдэг ажилтан”-аар Хутаг-Өндөр сумын ЗДТГ-ын нутгийн захиргааны асуудал хариуцсан мэргэжилтэн Ж.Хатансэлэнгэ, “Хууль, хяналтын байгууллага, төрийн тусгай албаны шилдэг ажилтан”-аар цагдаагийн газрын мөрдөн байцаах тасгийн мөрдөгч, цагдаагийн ахлах дэслэгч Б.Ананд, “Шилдэг санхүүч”-ээр аймгийн төсвийн ерөнхий ня-бо О.Сайнзаяа, “Боловсрол, соёл, шинжлэх ухааны салбарын шилдэг ажилтан”-аар Булган сумын 2-р цэцэрлэгийн эрхлэгч Г.Туяа, “Эрүүл мэнд, биеийн тамир, спортын салбарын шилдэг ажилтан”-аар аймгийн нэгдсэн эмнэлгийн эм зүйч Б.Энхчимэг, “Нийгмийн халамж, хамгаалал, нийгмийн бүлгүүдийн байгууллагын шилдэг ажилтан”-аар Хөдөлмөр, халамжийн үйлчилгээний газрын дарга Н.Батжаргал, “Дэд бүтцийн салбарын шилдэг ажилтан”-аар “ЭБЦТС” ТӨХК-ийн Булган салбарын ахлах инженер Г.Отгонбаяр, “Үйлдвэрлэл, үйлчилгээний салбарын шилдэг ажилтан”-аар Булган сумын тохижилт үйлчилгээний ангийн дарга Н.Баасанжаргал, “Төрийн бус байгууллагын шилдэг ажилтан”-аар Хутаг-Өндөр сумын “Бялхам үндэс” төрийн бус байгууллагын тэргүүн Э.Бүжинлхам, “Хүнс, хөдөө аж ахуйн салбарын шилдэг ажилтан”-аар Хүнс, хөдөө аж ахуйн газрын үйлдвэр, худалдаа, үйлчилгээний албаны дарга, аймгийн ерөнхий агрономич Б.Энхбаяр, “Байгаль орчны салбарын шилдэг ажилтан”-аар НҮБ-ын Хүнс, хөдөө аж ахуйн байгууллагын ойн төслийн 2-р шатны орон нутгийн зохицуулагч Д.Баярмаа нар шалгарлаа.

Аймгийн ИТХ-ын төлөөлөгч М.Бат-Оршихыг Сайхан суманд төрийн үйлчилгээний байгууллагын материаллаг баазыг бэхжүүлэхэд хувийн хөрөнгө оруулалт хийж, сумын эмнэлэгт 250,0 сая төгрөгөөр засвар хийж, бариа засал, сувиллын үйлчилгээ нээж, “Бадрал” цэцэрлэгийг хүүхдийн ор, ширээ сандлаар хангах зэрэг сонгогчдын санал хүсэлтийг хэрэгжүүлсэн ажлыг үнэлэн 2019 оны аймгийн шилдэг ажилтнаар шалгарууллаа гэж аймгийн ИТХ-ын Тэргүүлэгчдийн Ажлын алба мэдээллээ.

相关新闻