Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн асуудлаар нийтийн сонсгол зохион байгууллаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-12-18 12:26:07

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын Иргэний танхим энэ оны хоёр дахь удаагийн нийтийн сонсголыг “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал, сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдвээр зохион байгууллаа.

-Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн цогц төв байгуулах, тусгай хэрэгцээт хүүхэдтэй ажиллах багш бэлтгэх, цаашид эцэг эхчүүдийг нь ажил орлоготой болгох, хүүхдийг гэрээр бус ердийн сургуульд сургах зэрэг санал гарсан. Аймгийн Засаг даргын үйл ажиллагааны “Хөгжлийн хөтөч” хөтөлбөрт хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн талаар тусгасан арга хэмжээний хэрэгжилтийг “үнэлэх боломжгүй” гэсэн  дүгнэлтийг аймгийн аудитын газар гаргасныг нийтийн сонсгол дээр танилцуулсан гэж аймгийн Иргэний танхимын ажилтан Ч.Ариун ярилаа.

Булган сумын гуравдугаар бүрэн дунд сургуулийн сургууль, эцэг эх, багшийн холбооноос “Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн нийгмийн хамгаалал, сурч боловсрох эрхийн хэрэгжилт” сэдвээр нийтийн сонсгол зохион байгуулах тухай хүсэлтийн дагуу энэ ажлыг зохион байгуулсан юм. Энэ удаагийн сонсголыг ИТХ-ын нийгмийн хөгжлийн хорооны дарга Ч.Оюун удирдаж, ИТХ-ын зарим Тэргүүлэгч, Булган сумын Засаг дарга, багийн Засаг дарга, нийгмийн ажилтнууд, хэсгийн ахлагч нар болон хөгжлийн бэрхшээлтэй хүүхэдтэй эцэг эхчүүд, төрийн бус байгууллагын төлөөлөл оролцжээ. 

相关新闻