“Долоон түмэн настай Довон хар бөх” тууль хайлав
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Туульч Дандардоржийн Өлзий, Авирмэдийн Балдандорж нар “Долоон түмэн настай Довон хар бөх” туулийг өнөөдөр Төрийн ордонд хайллаа.
Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга монгол түмний бахархалт өв соёл, үеэс үед уламжлан ирсэн аман билгийн эх ундарга болсон баатарлаг туульсаа дээдлэн, дэлгэрүүлэх зорилгоор энэ оны нэгдүгээр сарын 29-нд “Монгол баатарлаг туульсаа дээдлэн дэлгэрүүлэх тухай” 13 дугаар зарлиг гаргасан. Уг зарлигийн дагуу өвлийн тэргүүн сарын шинийн гуравны өдөр дээрх туулийг хайлж буй юм.
Тууль хайлах зан үйл нь төрийн ёслолд хүндтэй байр эзэлдэг уламжлал, зан заншил, ардын домог зүйн сэтгэлгээ, соёлын нандин өв билээ. Хүн төрөлхтний соёлын өвд монголчуудын оруулсан содон хувь нэмэр болох монгол туулийг 2009 онд ЮНЕСКО-гоос “Яаралтай хамгаалах шаардлагатай соёлын биет бус өвийн дэлхийн жагсаалт”-д бүртгэн тунхагласан байдаг. Туульд монгол хүний хүсэл мөрөөдөл, овог аймаг, угсаатны ялагдашгүй хүч, хүсэл зоригийн илэрхийлэл туссан байдаг. Туулиас монгол ухаан, зан заншил, өв уламжлал, монгол эр хүний зориг, монгол морины шандас, байгалийн сүр хүчин, монгол гэрийн болон төрийн ёсны эхлэл үүслийг үгийн гайхамшгаар бахдан бүтээснийг харж болно хэмээн Ерөнхийлөгч Х.Баттулга онцолсон юм.