Хөдөлгөөн-эрүүл мэндийн 15 минутын дасгалыг ажлын байранд хийж хэвшиж байна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ХОВД
lkhagwa@montsame.gov.mn
2019-11-16 11:56:38

Ховд /МОНЦАМЭ/ Ховд аймагт хэрэгжиж буй “Эрүүл мэндийн анхан шатны тусламж үйлчилгээний чанар хүртээмжийг сайжруулах нь”  төслийн хүрээнд туршлага солилцох уулзалт хийв.

Тус төсөлд Үенч сумын Эрүүл мэндийн төв, Мөст сумын Сум дундын эмнэлэг, Жаргалант сумын “Жаргалан” болон “Баатархайрхан” өрхийн эрүүл мэндийн төв хамрагдсан бөгөөд жишиг болохуйц хэд хэдэн ажил өрнүүлжээ. Энэ ажлын үр дүнг иргэд олон нийтэд танилцууллаа.

Тодруулбал, орон нутгийн эрүүл мэндийн салбарт нийгмийн эгэх хариуцлагыг бэхжүүлэхийн тулд тухайн эрүүл мэндийн байгууллага тус бүр онцлог, хэрэгцээ шаардлагадаа тулгуурлан “Иргэдийн бүлэг” байгуулан ажиллаж байна. Мөн бичил төсөл санаачлан хэрэгжүүлж эхэлсэн байна. 

Уулзалтын үеэр “Жаргалан” өрхийн ЭМТ-ийн хамт олон болон Иргэдийн бүлэг хамтран хөдөлгөөний дутагдлаас сэргийлэх талаар олон нийтэд мэдээлэл түгээж, мессеж үйлчилгээ хүргэх ажлыг хэрэгжүүлж эхэлсэн. Мөн зарим төрийн байгууллагатай хамтран хөдөлгөөн-эрүүл мэндийн 15 минутын дасгалыг ажлын байранд хийж хэвшиж байгаа зэрэг сайн туршлагаа хуваалцав.  

Харин “Баатархайрхан” өрхийн ЭМТ-ийн тухайд “Хандлагаа өөрчилье-Иргэдийн түүчээ” бичил төсөл хэрэгжүүлж, тус байгууллагаар үйлчлүүлдэг иргэн, айл өрхийн ундны усны 20 гаруй худгаар дамжуулан сурталчилгаа мэдээлэл, уриалга түгээжээ.

Тэгвэл Мөст сумын Сум дундын эмнэлгийн хамт олон болон иргэдийн бүлэг хамтран “Олон нийтийн оролцоот эмнэлэг” бичил төсөл хэрэгжүүлжээ. Энэ хүрээнд Боорч голын хог хаягдлыг олон нийтийн оролцоотой цэвэрлэж, өрх бүрт зориулан давсны хэрэглээг бууруулах сургалт-нөлөөллийн ажил хийсэн гэв.

Харин Үенч сумын эрүүл мэндийн төв, иргэдийн бүлэг хамтран “Өөрийн чинь эрүүл мэнд хэмжээлшгүй үнэ цэнтэй” сэдэвт аян өрнүүлсэн. Мөн сумын эрүүл мэндийн төвөөр дамжуулан авах боломжтой тусламж үйлчилгээний талаарх цогц мэдээллийг иргэдэд түгээсэн гэж мэдээллээ.

Төсөлд хамрагдсан сум, өрхийн эрүүл мэндийн байгууллагуудын хийсэн ажлын үр дүн сайжирч, иргэд мэдээлэл тогтмол авч, түүнийгээ дагаад анхан шатны нэгж, байгууллагын үйл ажиллагааны хүртээмж өргөжиж байна хэмээн албаныхан онцоллоо. Мөн цаашид эрүүл мэндийн анхан шатны байгууллагын бичил төслийг үргэлжлүүлэх замаар иргэн бүрт зөв дадал хэвшил төлөвшүүлэхэд анхаарч ажиллана. Иргэд өвдсөн хойно биш өвдөхөөсөө урьтаж эрүүл мэнддээ анхаардаг байгаасай хэмээн төсөл хэрэгжүүлэгчид уриаллаа.  

相关新闻