“Токио-1964 ба Токио-2020” сэдэвт бага хурал болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын үндэсний олимпын хороо /МҮОХ/-ны байранд “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг 11 дүгээр сарын 20-нд зохион байгуулна.
Монгол Улс, Олон улсын олимпын их хөдөлгөөнд нэгдэн орсноор 1964 оны өвөл, зуны олимпын наадмуудад анх удаагаа баг, тамирчдаа илгээн оролцуулж, олимпизмын үзэл санаанд нэгдсэн түүхийн алтан хуудсыг нээсэн юм. Өнгөрсөн 55 жилийн хугацаанд Монгол Улсын баг, тамирчид олимпын наадмаас 26 медаль хүртсэн бахдам амжилт гаргажээ. Японы нийслэл Токио хотноо зохион байгуулах Зуны ХХХII Олимпын наадам жил хүрэхгүй хугацааны дараа эхлэх гэж байна.
Хүн төрөлхтний соёлын салшгүй бүрэлдэхүүн хэсэгт олимпизм, олимпын соёл, олимпын наадам ордог билээ. Дэлхий дахинаараа энх тайванч, харилцан найрсаг оршин тогтнож, ард түмнүүдийн найрамдал, хамтын ажиллагаа бэхжин хөгжих үйлст олимпизм, олимпын соёл, олимпын боловсрол ба биеийн тамир, спортын оруулж буй ач холбогдол, үүрэг, нөлөө өнөө үед улам бүр өсөн нэмэгдэж байна.
“Токио-1964” ба “Токио-2020” олимпын наадмууд нь Монгол Улсын хувьд түүхэн онцлох үйл явдал бөгөөд “Токио-1964” олимпын наадмаас хойших 55 жилийн түүхийг бид улам бүр тодотгон бэхжүүлж байх ёстой. Мөн “Токио-2020” олимпын наадамд улам бүр чамбай бэлтгэж, амжилт дүүрэн оролцох асуудал чухлаар тавигдаж байна.
МҮОХ, Монголын үндэсний олимпын академиас Монгол Улсын баг, тамирчид олимпын наадамд анх оролцсоны 55 жилийн ойд зориулсан “Токио-1964 ба Токио-2020” сэдэвт олон улсын эрдэм шинжилгээний онол-практикийн бага хурлыг зохион байгуулахаар бэлтгэл ажлыг хангаж байгаа аж.
Мөн тус бага хурлыг Монголын хөнгөн атлетикийн холбоо,
Нийслэлийн ерөнхий боловсролын Спортын төв сургууль хамтран зохион байгуулж
байна. Бага хурлын зорилго нь
олон улсын олимпын хөдөлгөөн ба Монгол Улсын олимпын хөдөлгөөний түүхийг
судлан баяжуулах, олимпын наадмуудад манай улсын баг, тамирчдын үзүүлсэн
амжилт, оролцсон дүнг дүгнэн тодруулах, “Токио-2020” олимпын наадамд баг,
тамирчдаа бэлтгэн оролцуулах шинжлэх ухааны үндэслэлийг нарийвчлан тогтоох
болон энэ талаарх судалгааны үр дүнг амьдрал, практикт нэвтрүүлэхэд дэмжлэг
үзүүлэхэд орших юм.