Ц.Долгор:ДТ-75 трактороор атар газар хагалж, СК-5 комбайнаар тариа хурааж явлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
Сэлэнгэ /МОНЦАМЭ/. Цолмонгийн
Долгор хэмээх шавилхан жаахан авхаалжтай охин, Ховд аймгийн Зэрэг сумын 8 жилийн
сургуулийг 1973 онд төгсөн, ЗХУ-ын ХАА-н техник мэргэжлийн сургуульд
суралцахаар явжээ. Тэрээр 1975 онд трактор комбайнч мэргэжил эзэмшин
сургуулиа дүүргэж, Сэлэнгэ аймгийн “Цагаантолгойн” САА-н “Энхтал” тасагт
хуваарилагдан ирсэн байна. Түүнийг н.Дүгжирхүү хэмээх даргатай 4-р бригадын хамт
олон тосон авч, ажлын анхны гарааг нь хөтөлсөн ачтанууд ажээ. Залуухан бүсгүй
тэр намартаа СК-5
комбайнаар намрын тариа хураалтад явж, өдрийн нормоо 100-105 хувиар давуулан
биелүүлж, ёстой л залуу насны эрч хүч, зориг, чадлыг
утгаар нь харуулж байжээ.
Ц.Долгор ярихдаа “Би намрын ургацаа хурааж дууссаныхаа дараа цэвдэгт хагалгаанд ганцаараа мөн ч сайн явдаг байлаа. 1976 оны хавар ДТ-75 трактороор атрын 2-р аянд оролцож, “Хонгорын хөндий”-д атар газар хагалж, өдрийн нормоо 120 хувиар биелүүлж билээ. Тэр хавраа Ерөө суманд зохион байгуулсан уран хагалгааны тэмцээнд амжилттай оролцон дэд байрыг эзэлж, 180 төгрөгийн үнэтэй орны бүтээлгээр шагнуулж байлаа” хэмээн дурсан өгүүллээ.
Тэр үеийн 180 төгрөг бас ч хүү чамлахааргүй их мөнгө байжээ. Тэрхүү шагналд авч байсан орны бүтээлэг нь Орос улсынх бөгөөд тухайн үедээ эрэлт хэрэгцээтэй, ховор эд байжээ. ДТ-75 трактороор атар газар хагалж, СК-5 комбайнаар тариа хурааж явсанаа сэтгэлдээ тээн, дурсамж дүүрэн ярих яриатай, тариан түрүү шигээ өгөөмөр сэтгэлтэй энэ настан амьдралынхаа түшиг болсон насны ханьтайгаа атар газар хагалж явахдаа таницлжээ. Эднийх 5 сайхан хүү, нэг охинтой болж, аз жаргал дүүрэн амьдарч, ажиллаж иржээ. Өнөөдөр хоёр тариаланч буурай маань дөрвөн сайхан бэр, нэг хүргэн, найман ач, зээтэйгээ өнөр өтгөн, арвай буудай шигээ дэлгэр сайхан амьдарч байгаа гэв.
Тэрээр ажлын
гараагаа анх эхлэхэд алгаа тосон угтаж, ажил, амьдралын арвин туршлагаа зааж,
сургаж өгсөн Д.Галбадрах, А.Төмөрбаатар, н.Эрхэмбаяр, н.Батбилэг, Т.Түмэндэмбэрэл, Б.Баярбат, гагнуурчин н.Тогоо гээд бригадын хамт
олноо дурсан өгүүлж байна. Аварга комбайнч маань амьдралын явцад 1978 оноос “Энхтал” тасагтаа засварчин хийж байгаад 1986
онд “Цагаантолгойн” Техник мэргэжлийн сургуульд
цагаан хэрэглэл болон кассын няраваар ажиллажээ. Улмаар “Энхтал” САА байгуулагдсаны дараа 1988 онд
зурагчны курст суралцан ахуй үйлчилгээний зурагчнаар ажиллаж, атарчин комбайнч мэргэжлээ зурагчин мэргэжлээр
сольжээ. Ингээд 1991-1997 онд “Арвинбугат” ХХК-ийн тоо бүртгэгч, 1997-2004 онд “Сүмээн цагаан” ХХК-ийн няраваар ажиллаж байгаад өндөр
насны тэтгэвэртээ суусан байна.
Алдарт тариаланч буурайн
энгэрт олон хүүхэд өсгөж хүмүүжүүлсэн хөдөлмөрийнх нь гэрч болсон “Алдарт эх”-ийн 1, 2-р одон, Атар газар хагалж газар тариаланд ажиллаж
байсан хөдөлмөрийнх нь үнэлэмж болсон Атарчдын алдар, Засгийн газрын “Хүндэт жуух” бичиг, Атар
газар эзэмшсэний 50 жилийн ойн медаль, Ардын хувьсгалын 60, 70 жилийн ойн медалиуд гялалзан байна.