СЭЛЭНГЭ: Нийгмийн даатгалын сангийн төлөвлөгөө 121.3 хувиар биелжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | СЭЛЭНГЭ
otgontsetseg@montsame.mn
2025-06-16 14:11:49

Сүхбаатар, 2025 оны зургаадугаар сарын 16 /МОНЦАМЭ/. Сэлэнгэ аймаг оны эхний 5 сарын байдлаар нийгмийн даатгалын сангийн орлогод 48285.2 сая төгрөг төвлөрүүлснээр орлогын төлөвлөгөө 121.3 хувиар биелжээ.

 

Үүнээс үйлдвэрлэлийн осол, мэргэжлээс шалтгаалах өвчин, тэтгэмж, ажилгүйдлийн сангийн орлогын төлөвлөгөө 11.8-26.1 хувиар даван биелж, тэтгэврийн сангийн орлогын төлөвлөгөө 1.3 хувиар тасарсан байна.

 

Нийгмийн даатгалын сангийн орлого 48285.2 сая төгрөг, зарлага 102092.7  сая төгрөг болсон нь өмнөх оны мөн үеэс орлого 12396.3 сая төгрөгөөр, зарлага 12978.7 сая төгрөгөөр тус тус өсжээ.

 

Энэ сард тэтгэврийн даатгалын сангаас 20919 тэтгэвэр авагчдад 80721.5 сая төгрөгийг олгосон байна. Энэ нь өмнөх оны мөн үеэс тэтгэвэр авагчид 398 хүнээр, олгосон тэтгэврийн хэмжээ 13224.1 сая төгрөгөөр тус тус өссөн байна.

 

Мөн тэтгэмжийн даатгалын сангаас 1745 хүнд 3297.1 сая төгрөгийг хөдөлмөрийн чадвараа түр алдсан, жирэмсэн амаржсан, оршуулгын тэтгэмжид, үйлдвэрийн осол мэргэжлээс шалтгаалах өвчин, даатгалын сангаас үйлдвэрлэлийн ослын тэтгэвэр, хөдөлмөрийн чадвараа түр алдсаны тэтгэмж, нөхөн төлбөр, сувиллын зардалд 553 хүнд 729.9 сая төгрөг, Ажилгүйдлийн даатгалын сангаас 907 хүнд 1582.3 сая төгрөгийг ажилгүйдлийн тэтгэмжид тус тус олгожээ.

 

Тайлант хугацаанд 83 хүн шинээр тэтгэвэр тогтоосноос 65 хүнд өндөр насны,14 хүнд хөгжлийн бэрхшээлтэй, 4 хүнд тэжээгчээ алдагчийн тэтгэвэр тогтоосон байна.

 

Даатгуулагчдын тоо 22.2 мянган хүн байгаа нь өмнөх оны мөн үеэс 3.2 мянган хүнээр өссөн байна.

 

相关新闻