“Алтан бөмбөг” ёслол 12 дугаар сарын 12-нд болно
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын хөлбөмбөгийн оны шилдгүүдийг тодруулах "Алтан бөмбөг" ёслол уламжлал ёсоор 12 дугаар сарын 12-ны өдөр болно.
"Алтан бөмбөг 2019" ёслолоор "Шилдэг эрэгтэй тоглогч", "Шилдэг эмэгтэй тоглогч", "Шилдэг эрэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч", "Шилдэг эмэгтэйчүүдийн багийн дасгалжуулагч", "Бэлгэдлийн 11", "Шилдэг гоол" зэрэг уламжлалт номинацыг тодруулна. Мөн "Футзалын бэлгэдлийн 5" тоглогчийг нэрлэнэ. Монголын хөлбөмбөгийн холбооны 60 жилийн ойн баяртай давхцаж буйгаараа энэ жилийн "Алтан бөмбөг" ёслол онцлогтой юм байна.
Шилдэгт нэр дэвшигчдийг энэ сарын 11-нд зарлана. Санал хураалт 11 дүгээр сарын 11-нээс 12-р сарын 8-ны өдрийг хүртэл үргэлжилнэ. "Мазала" дээд лиг, нэгдүгээр лиг, "Эмэгтэйчүүдийн лиг"-ийн багуудын ахлагч болон ахлах дасгалжуулагч, Монголын спортын сэтгүүлчдийн холбооны сэтгүүлчид, үндэсний шигшээ багийн дасгалжуулагч нар энэхүү санал хураалтад оролцох эрхтэй байдаг.
Монголын хөлбөмбөгийн шигшээ баг анх
удаа ДАШТ-ий урьдчилсан шатны эхний давааг давж, хоёрдугаар шатнаас анхны оноог
авсан зэрэг олон амжилтаар 2019 оныг үдэж буй билээ. Ургац арвинтай энэ оны шилдгийн шилдгүүд тодроход сарын
хугацаа үлдлээ.