Уул уурхайн талаар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх санал гаргалаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-11-08 10:08:07

Булган /МОНЦАМЭ/ “Байгаль эх-хариуцлагатай уул уурхай” үндэсний хэлэлцүүлэг Булган аймагт боллоо.

Тус аймгийн хэмжээнд энэ оны байдлаар Бүрэгхангай, Дашинчилэн, Сайхан зэрэг 11 сумын нутаг дэвсгэрт 71 аж ахуйн нэгж 35,6 мянган га талбайд ашиглалтын, 50 аж ахуйн нэгж 139,9 мянган га талбайд хайгуулын тусгай зөвшөөрөл эзэмшиж байгаагаас 14 аж ахуйн нэгж олборлолтын үйл ажиллагаа тогтмол явуулж байна гэж аймгийн Засаг дарга З.Батзориг мэдээллээ.

“Эрс шинэчлэл” төрийн бус байгууллагын тэргүүн Д.Энхбат хэлэлцүүлгийг удирдан чиглүүлж, Монголын хуульч эмэгтэйчүүдийн холбооны тэргүүн Б.Долгор, Монгол Улсын маркшейдерийн зөвлөх инженер, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын бодлогын зөвлөлийн гишүүн Д.Гэрэлгуа, “Босоо хөх Монгол” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн дарга Ц.Баяраа нар илтгэл, мэдээлэл тавилаа.

Хэлэлцүүлэгт аймгийн ИТХ-ын зарим төлөөлөгч, Бүрэгхангай, Дашинчилэн, Сайхан сумын удирдлага, уул уурхайн үйл ажиллагаатай холбоотой хэлтэс, агентлагийн дарга, мэргэжилтэн, зарим уул уурхайн аж ахуйн нэгж, төрийн бус байгууллагын төлөөлөл, иргэд оролцлоо.

Улсын хэмжээнд 12 дахь аймагтаа зохион байгуулж байгаа энэ хэлэлцүүлэгт санал бодлоо илэрхийлсэн хүмүүс уул уурхайн талаар орон нутгийн эрх мэдлийг нэмэгдүүлэх, хариуцлагатай уул уурхайг хөгжүүлэх, байгалиа хамгаалах талаар санал гаргалаа.

Аймгийн ИТХ-ын Тэргүүлэгч Д.Эрдэнэбат “Уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрлийг орон нутгийн саналыг харгалзахгүй олгодог. Та бүхэн төрийн төв байгууллагад энэ саналыг хүргэх нь зүйтэй” гэсэн бол Бүрэгхангай сумын Засаг дарга Н.Эрхэмбаяр “Биднээс шалтгаалахгүйгээр өглөө сэрэхэд уул уурхайн нэг лиценз нэмэгдсэн байдаг” гэлээ. Мөн Дашинчилэн сумын Засаг дарга Д.Луттөмөр “Яам, ашигт малтмалын Хэрэг эрхлэх газар орон нутгийн удирдлага, иргэдийн саналыг үл харгалзан, уул уурхайн үйл ажиллагаа явуулах зөвшөөрөл олгож байгаа давуу эрхтэй эрх зүйн баримт бичгийг өөрчлөх зайлшгүй шаардлага байна” гэсэн юм.

相关新闻