Худалдаа хөгжлийн банк МХБХ-той 1 тэрбум төгрөгийн гэрээ байгуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
dusem11@yahoo.com
2019-11-01 15:23:31

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Багийн спортыг дэмжигч ХХБ Монголын хөлбөмбөгийн үндэсний шигшээ багийг дэмжин 1 тэрбум төгрөгийн гэрээ байгууллаа.


Энэхүү хамтын ажиллагааны хүрээнд, Олон улсын хөлбөмбөгийн холбоо /FIFA/-ны стандартаар Улаанбаатарт бүтээн байгуулж буй хөлбөмбөгийн талбайн орчны тохижилтыг 1 тэрбум төгрөгөөр ивээн тэтгэж хамтран ажиллана. ХХБ-ны Гүйцэтгэх захирал Б.Мэдрээ, МХБХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Шижир нар гэрээнд гарын үсэг зурлаа. Мөн Яармагт барих олон улсын стандартыг хангасан хөлбөмбөгийн талбайг ХХБ-ны нэрэмжит болгон “TDB Center” гэж нэрлэхээр болсныг зарлав. Гэрээнд заасны дагуу 1 тэрбум төгрөгийн 70 хүртэлх хувийг "TDB Center" цэнгэлдэх хүрээлэнгийн тохижилтод зарцуулна. Энэхүү талбай нь манай улс дахь хамгийн том буюу 73х115 метр гэдгээрээ онцлогтой.


Монгол Улсын Үндэсний шигшээ багийн амжилт жил ирэх тусам өсөн дэвжиж байна. Өнөөгийн байдлаар, ДАШТ-ий урьдчилсан шатны хоёр дахь сунгаанд анх удаа шалгарч хөлбөмбөг сонирхогчдоо баярлуулсан. Үндэсний шигшээ баг Мьянмар улсын эсрэг 11 дүгээр сарын 19-нд энэ шатны ээлжит тоглолтоо хийнэ. Энэ тоглолтын бэлтгэл хангахаар шигшээ баг Камбож улсыг зорих гэж байна. Сүүлийн жилүүдэд үндэсний компаниуд хөлбөмбөгийн спортыг дэмжин хөрөнгө оруулалт хийх болсноор энэ спортын хөгжил хурдсаж, манай шигшээ багийн үзүүлэх амжилтууд, чансаа нь жил ирэх тусам дээшилсээр байгаа юм. 

相关新闻