Авто тээврийн төвийн шинэ барилга ашиглалтад орлоо
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн Авто тээврийн төвийн шинэ барилгын нээлтийн ёслол энэ сарын 28-нд боллоо. Баруун аймгуудын нийтийн тээврийн болон том оврын тээврийн хэрэгслүүд энэхүү төвөөр авто оношилгоо хийлгэх, унаа тэргээ дулаан гараашт тавих, жолооч өөрөө амрах боломжийг бүрдүүлсэн цогцолбор ийнхүү ашиглалтад орлоо.
Баруун бүсийн босго гэгддэг Баянхонгор аймгаар дамжин Говь-Алтай, Ховд, Баян-Өлгий зэрэг аймагг руу жилдээ 200 гаруй мянган зорчигч зорчдог статистик мэдээлэл бий. Мөн Баянхонгор-Улаанбаатар-Баянхонгор чиглэлд "Баянхонгор Тээвэрчин", "Лотот" гэсэн компаниуд нийтийн тээврийн үйлчилгээ эрхэлдэг бөгөөд жилд 16 мянган зорчигч үйлчлүүлдэг байна.
Нийт 1 тэрбум гаруй төгрөгийн төсөвт өртөгтэй барилгын ажлыг “Номгон оюу авто бирж” ХХК таван сарын хугацаанд барьж гүйцэтгэсэн бол гаднах зам талбай гэрэлтүүлэг, авто зогсоолыг орон нутгийн төсвийн хөрөнгөөр шийдвэрлэжээ.