Монголын жүдочдод Японы Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулав

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
dusem11@yahoo.com
2019-09-27 11:57:26

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Монгол Улсын  нийслэл дэх Японы Элчин сайдын яамны байранд пүрэв гараг /2019.09.26/-ийн орой Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөл гардуулах хүндэтгэлийн ёслол боллоо.


Энэхүү ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга, МЖБХ-ны тэргүүн дэд ерөнхийлөгч З.Энхболд, Монгол Улсад суугаа Японы Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока тэргүүтэй тус ЭСЯ-ны албаны хүмүүс, БТСГ-ын дарга Ц.Шаравжамц, Монголын үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагч, Ардын багш Ч.Насантогтох, жүдо бөхийн үндэсний шигшээ багийн ахлах дасгалжуулагчаар саяхан томилогдсон Монгол Улсын гавьяат тамирчин, гавьяат дасгалжуулагч Х.Болдбаатар тэргүүтэй шигшээ багийн хамт олон хүрэлцэн ирсэн байв.


Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг МЖБХ-нд гардуулсны дараа Монгол Улсад суугаа Японы Онц бөгөөд Бүрэн эрхт Элчин сайд Масато Такаока хэлэхдээ:  “Энэ удаа Монголын жүдо бөхийн холбоонд Япон улсын Гадаад хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулж байгаа хүндэтгэлийн ёслол болж байна. Жүдо бөх нь Японоос үүсэж хөгжсөн спортын төрөл бөгөөд Монгол оронд жүдо бөхийн спортыг түгээн дэлгэрүүлж хөгжүүлэхэд МЖБХ чухал хувь нэмрээ оруулсан билээ. Энэхүү гавьяа зүтгэлийг нь үнэлж Гадаад Хэргийн сайдын өргөмжлөлийг гардуулсан юм. Жүдо бөх нь Монгол-Япон хоёр орны харилцааг хөгжүүлэхэд маш их тус дэм болсон спорт билээ.


Анх 1964 оны Токиогийн олимпын наадмын хөтөлбөрт жүдо бөх багтаж олимпын спортын төрөл болж албан ёсоор орсон түүхтэй. 1972 онд Монгол Улс, Япон Улсын хооронд Дипломат харилцаа тогтоосон бөгөөд үүнээс өмнө жүдо бөхийн спортоор дамжуулаад хоёр орны харилцаа маш сайн болж байсан юм. Жилийн дараа буюу 2020 онд зуны 32 дугаар олимпын наадам манай улсын нийслэлд болно. Монголчууд жүдо бөхөөр маш хүчтэй өрсөлдөгчдийн нэг гэж япончууд үнэлдэг. Монголын жүдочид ч Японы жүдочдыг хүчтэй өрсөлдөгчөө гэж үнэлдэг. Тэгэхээр бид хамтдаа бэлтгэлээ базааж харилцан туршлага солилцож, ур чадвараа ахиулах учиртай. Шизүока муж Изүнокүни хот нь Монголын жүдочдыг хүлээн авах хотоор сонгогдсон байгаа. Энэ хотод Монголын жүдогийн шигшээ багийг бэлтгэл сургуулиа сайн базаахад нь туслах орчин, тоног төхөөрөмжийг нь бүрдүүлж өгч байгаа юм. “Токио-2020” олимпын наадамд зөвхөн жүдо гэлтгүй спортын олон төрлөөр Монголын баг тамирчид амжилт гаргаасай гэж хүсэж, найдаж байна” хэмээн онцлов.


Ардын багш, гавьяат дасгалжуулагч Ч.Насантогтох: “Миний бие Монгол Улсад жүдо бөхийн спорт үүсэж хөгжиж эхэлсэн үеэс эхлэн шигшээ багийн дасгалжуулагч, ахлах дасгалжуулагчаар олон жил ажилласан хүн. Өнөөдөр жүдо бөхийн спорт нь Монголын тэргүүлэгч топ спортын төрлийн нэгд зүй ёсоор орсон бөгөөд манай жүдочдоос олимпын аварга, дэлхийн аварга, олимп, ДАШТ-ий олон арван медальтнууд төрсөн билээ. Япон, Монголын ард түмний найрсаг харилцаанд жүдо бөхийн спорт том гүүр болж ирсэнд чин сэтгэлээсээ талархаж байдаг. Бид цаашдаа ч хамтдаа хөгжиж нөхөрлөж байна гэдэгт итгэж байна. Энэхүү хүндтэй өргөмжлөлөөр шагнасан Япон улсын Гадаад хэргийн сайд Коно Тароо танд жүдочдынхоо өмнөөс талархал илэрхийлье” гэлээ.

Энэ үеэр манай улсад Японы жүдо бөхийн шигшээ багийн дасгалжуулагчдын баг Монголын жүдо бөхийн үндэсний шигшээ багийн тамирчид, дасгалжуулагчидтай харилцан туршлага солилцохоор хүрэлцэн ирээд байгаа аж.


相关新闻