Х.Ганбаатар: Хөдөлмөр эрхлэлтийн бодлогыг бүс нутгийн онцлогтой уялдуулахгүй байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Хөдөлмөр нийгмийн хамгааллын яам, Монголын ажил олгогч эздийн нэгдсэн холбоо, Монголын үйлдвэрчний эвлэл хамтран "Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл" сэдэвт бүсийн зөвлөгөөнийг Булган аймагт зохион байгууллаа.
Тус зөвлөгөөнд Булган, Дархан-Уул, Орхон,
Сэлэнгэ, Хөвсгөл аймгийн хөдөлмөр эрхлэлтийн алба, ажил олгогч эзэд,
үйлдвэрчний эвлэлийн төлөөлөл 50 гаруй хүн оролцсон байна.
Хөдөлмөр эрхлэлтийн талаар засгийн газраас дэвшүүлсэн зорилт, түүний хэрэгжилт, орон
нутагт хийсэн ажлын ололт, туршлагыг танилцуулах, цаашид хөдөлмөр эрхлэлтийг дэмжих
чиглэлээр хамтарч ажиллах асуудлаар санал солилцлоо.
Тухайн бүсийн аймгуудын хөдөлмөр эрхлэлтийн байдал харилцан
адилгүй Булган, Сэлэнгэ аймагт хөдөлмөрийн насны хүн амын 3,4 хувь ажилгүй
байхад төвлөрсөн хот суурин болох Орхон, Дархан-Уул аймагт ажилгүйдэл бараг гурав дахин их байгаа аж. Монголын ажил олгогч
эздийн нэгдсэн холбооны гүйцэтгэх захирал Х.Ганбаатар:
-Хөдөлмөр эрхлэлтийн чиг хандлага манай орны хувьд олон
улсын жишгээс эсрэгээр яваад байна гэж харагдаж байна. Олон улсад том хот аж
үйлдвэржсэн газар хөдөлмөр эрхлэлтийн түвшин өндөр байдаг. Харин орон нутаг хөдөө
аж ахуй эрхэлсэн газар энэ үзүүлэлт бага байдаг. Манай орны хувьд ажилгүйдэл
хот суурин газар их байна. Үүний гол шалтгаан нь хөдөлмөр эрхлэлтийн бодлого,
арга хэмжээг тухайн бүс нутгийн онцлог, иргэдийн боловсрол, мэргэжил, ажлын
байрны уялдаатай явуулж чадахгүй байгаатай холбоотой байна гэж ярилаа.
"Хөдөлмөр эрхлэлт-нийгмийн түншлэл"
сэдэвт бүсийн зөвлөгөөнд оролцогчид хөдөлмөр эрхлэлтийн чиглэлээр засгийн газрын дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэх,
хөдөлмөр эрхлэлтийн хүрээнд ажил олгогчийн хүлээх үүргийг дээшлүүлэх, үйлдвэрчний
эвлэлийн оролцоог сайжруулах талаар санал бодлоо илэрхийлж, зах зээлийн үед хөдөлмөр
эрхлэх асуудал засгийн газрын үүрэг биш хувь хүний өөрсдөө сонгож гүйцэтгэх
эрх, үүрэг гэдгийг ойлгуулах асуудал чухал байна гэж үзэж байна. Мөн улсын
хэмжээний нийт ажлын байрны 80 орчим хувийг бий болгодог ажил олгогчдод
хэрэгцээ шаардлагатай ажиллах хүчний нөөцийг төр, мэргэжлийн сургалтын
байгууллага бэлтгэх тогтолцоог хэрэгжүүлэх, хөдөлмөр эрхлэлтийг дэмжих талаар
санал солилцсон байна.