Завханы Засаг дарга багш бүрийн саналыг сонсжээ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
myagmarsuren@montsame.mn
2019-09-19 23:27:31

Завхан /МОНЦАМЭ/. Завханд “Багшаа сонсъё” үйл ажиллагааг амжилттай зохион байгуулж 1000 гаруй багш, удирдах ажилтнууд оролцжээ.

Энэ үйл ажиллагааг “Ард иргэдээ сонсох аян”-ы хүрээнд анх удаа зохион байгуулж аймгийн Засаг дарга Д.Батсайхан, ЗДТГ-ын Нийгмийн бодлогын хэлтсийн дарга А.Шаравжамц, БСУГ-ын дарга С.Ганчимэг нар оролцож сургуулийн өмнөх боловсролын болон ерөнхий боловсролын сургуулийн багш, удирдах ажилтнуудтай уулзаж шинэ хичээлийн жилийн бодлого чиглэл, хэрхэн хамтарч ажиллах талаарх санал солилцож тэдний санал хүсэлт, шүүмжлэлийг нээлттэй сонсжээ. 2019-2020 оны шинэ хичээлийн жил эхэлж буйтай холбогдуулан хийж буй тус уулзалт нь “Сайн багш” дэд хөтөлбөрийг эрчимжүүлэх зорилготой аж. Мөн багш нэг бүрээс дараах чиглэлүүдээр бичгээр санал авч үйл ажиллагаандаа тусгаж хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Тухайлбал “Багшийн сэтгэл хүүхдэд” нэгээс тав дахь удаагийн сургалт, бид Чингисийн үр сад, “Зөв тэмүүлэл-Эх оронч манлайлал” сургалт, үндэсний сурын харвааны сургалт, “Миний Монгол-2025” хөтөлбөрийн үр дүн, анхаарах асуудал, мөн сурагчдын түвшин тогтоох шалгалт түүний үр дүн, анхаарах асуудал, аймгийн Засаг даргын нэрэмжит Оюуны наадам, ангийн олимпиадын үр дүн, анхаарах асуудал, сумын “Сайн багш”, аймгийн шилдэг 100 багш шалгаруулах үйл ажиллагаа гэхчлэн арга хэмжээ, сургалтуудын анхаарах асуудал нь юу вэ?, үр дүн нь юу байв гэхчлэн асуудлуудаар дэлгэрэнгүй саналыг бичгээр авчээ.

Түүнчлэн аймгийн нийгэм, эдийн засгийг 2020 онд хөгжүүлэх үндсэн чиглэлд тусгах санал, “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд шинээр хийж хэрэгжүүлэх ажлын талаар нь багш бүрээс санал авсан байна.

Сонирхуулахад, энэхүү арга хэмжээний үр дүнд багш нарынхаа санал бодолд тулгуурлан ирэх онд боловсролын салбарт хэрэгжүүлэх үйл ажиллагаа, “Сайн багш” дэд хөтөлбөрийн хүрээнд хийх ажлуудаа нэмж, шинээр төлөвлөх ажээ. 

相关新闻