"Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2019" үзэсгэлэн худалдаа энэ сарын 27-29-нд болно
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. "Хөдөө аж ахуйн үйлдвэрлэл 2019" үзэсгэлэн худалдаа есдүгээр сарын 27-29-ний өдрүүдэд Баянхонгор хотноо болно.
Үндэсний үйлдвэрлэгчдийн бараа бүтээгдэхүүн, тариаланчдын шинэ ургацын дээж, малчдаас ченжийн гар дамжаагүй үнэ хямд мах, сүү цагаан идээг ард иргэдэд шууд хүргэх тус худалдаа аймгийн Баганат талбайд болох юм.
Мөн үеэр аймгийн хүнсний салбарын бүтээгдэхүүн, гар урлал, жижиг дунд үйлдвэрүүдийн бүтээгдэхүүнүүдийг үйлдвэрийнх нь үнээр худалдан авах боломжтой. Галуутын цагаан бурам, Бууцагааны тэмээн тавган ааруул, говийн бор ааруул, ингэний хоормог, сарлагийн өтгөн сүү, өрөм, зөөхий, уулын зэрлэг сонгино тэргүүтэй брэнд бүтээгдэхүүнүүдийг мөн өдрүүдэд худалдаална. Түүнээс гадна Баянхонгорт үйлдвэрлэсэн гар урлал, бэлэг дурсгалын зүйлүүд өргөнөөр худалдаалагдах аж.
Баянхонгор аймгийн хэмжээнд үйл ажиллагаагаа явуулж буй газар тариалан эрхлэгчид, өрхийн үйлдвэрлэл эрхлэгчид, нөхөрлөл, хоршоо, жижиг дунд үйлдвэрлэл эрхлэгчдээ дэмжиж мөн өдрүүдэд худалдан авалт хийхийг зохион байгуулагч байгууллагууд уриалж байна.