Нарийн мэргэжлийн эмч нар хангайн сумдад ажиллана
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. Баянхонгор аймгийн хангайн зургаан сум болон аймгийн төвийн 3, 5, 6 дугаар багийн ард иргэдэд эрүүл мэндийн үзлэг оношилгоог үнэ төлбөргүй хийх эмч нарын явуулын баг энэ сарын 13-20-ны өдрүүдэд ажиллахаар болжээ.
Улаанбаатар хотын "Интермэд" эмнэлгийн дотор, эмэгтэйчүүд, мэс
засал, дүрс оношилгоо /эхо/ зэрэг нарийн мэргэжлийн эмч нар,
түргэвчилсэн шинжилгээний лабораторийн баг ийнхүү хөдөөд ажиллах үйл ажиллагааг УИХ-ын гишүүн Л.Элдэв-Очирын санаачилга, дэмжлэгээр хэрэгжүүлж байгаа аж.
Үзлэг, оношлогоонд хамрагдах иргэдийг нэн яаралтайгаас энгийн рүү эрэмбэлэн, урьдчилж дугаар тараахыг зохион байгуулагчид мэдээллээ. Мөн иргэдэд хүндрэл чирэгдэлгүй, хурдан шуурхай үйлчлэх үүднээс сум бүрт орон нутгийн 2-3 эмч, эмнэлгийн ажилтан үзлэгийн багтай хамтран ажиллах бөгөөд дархлааны шинжилгээний аппаратаар үзлэг хийх болон зарим нарийн шинжилгээг газар дээр нь хийх юм байна.
Үзлэг оношилгоо дараах хуваарийн дагуу үргэлжилнэ.
09 сарын 13, 14-нд Баянхонгор сум - Тэмүжин театр
09 сарын 15-нд Эрдэнэцогт сумын Соёлын төв
09 сарын 16-нд Гурванбулаг сумын Соёлын төв
09 сарын 17-нд Заг сумын Соёлын төв
09 сарын 18-нд Жаргалант сумын Соёлын төв
09 сарын 19-нд Галуут сумын Соёлын төв
09 сарын 20-нд Баян-Овоо сумын Соёлын төв