Ахмад мэргэн буучид ДАШТ-ээс 3 алтан медаль хүртлээ
МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХБНГУ-д зохион байгуулсан буудлагын ахмад мастеруудын Дэлхийн аварга шалгаруулах анхдугаар тэмцээнээс Монголын баг тамирчид даваа гарагт /2019.09.10/ гурван алтан медаль хүртлээ.
Эрэгтэйчүүдийн 45-54 насны ангиллын 10 метрийн хийн урт бууны төрөлд ОУХМ Ц.Мөнх-Эрдэнэ 244,5 оноогоор анхдагч алтан медалийн эзэн болов. Уг дасгалд Германы Ю.Валловски 243,2 оноогоор мөнгөн медаль хүртэж, ОХУ-ын тамирчин, олимп, дэлхийн аварга А.Хажибеков 218,2 оноогоор гуравдугаар байр эзэлжээ.
Эмэгтэйчүүдийн
50 метрийн хэвтээ дасгалд Н.Цэрэндолгор, эрэгтэйчүүдийн 50 метрийн хэвтээ
дасгалд С.Батнасан /хоёулаа 75-аас дээш нас/ алтан медалийн эзэд болжээ. Есдүгээр
сарын 15-нд өндөрлөх тус тэмцээнд Монгол Улсаас нийт 15 ахмад тамирчин оролцож
байна.