Булган аймагт энэ жил 15,0 мянга гаруй хүүхэд сурч, хүмүүжинэ

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-30 16:40:32

Булган /МОНЦАМЭ/ Хичээлийн шинэ жилийн онцлог, бэлтгэл ажлын талаар Булган аймгийн Боловсрол, соёл урлагийн газрын дарга Э.Түвшинмөнхтэй уулзаж дараах тодруулгыг авлаа.


- Энэ хичээлийн шинэ жилд хэдэн хүүхэд суралцах вэ? Сургалтын хөтөлбөрийн онцлог юу байна.

- Сургуулийн өмнөх болон ерөнхий боловсролын 40 байгууллагад 15,0 мянга гаруй хүүхэд сургаж хүмүүжүүлэхээр бэлтгэл хангалаа. Сургуулийн өмнөх боловсролын 20 байгууллагад 4820 хүүхэд сурч хүмүүжинэ. Ерөнхий боловсролын 20 сургуульд 11500 гаруй хүүхэд суралцахаар байна. Энэ хичээлийн жилийн хувьд БСШУСЯ, Багшийн мэргэжил дээшлүүлэх институт, Боловсролын хүрээлэн, багш нар хамтран 2014 оноос хэрэгжүүлж байгаа бага, дунд, суурь боловсролын цөм хөтөлбөрийн хэрэгжилтийн явцад олон удаагийн судалгаа шинжилгээ хийсний үр дүнд сайжруулсан хөтөлбөрийг сургалтад хэрэгжүүлэх гэж байгаагаараа онцлогтой. Ерөнхий боловсролын сургуульд иргэний ёс зүйн боловсрол, эрүүл мэнд зэрэг олон хичээл нэмэгдэж орж ирж байна. Үүнтэй холбоотойгоор сурах бичигт шинэчлэл нэлээд хийгдсэн байгаа. Сургалтын хөтөлбөрийн агуулгын давхардлыг арилгаж, судлагдахуун бүрийн суралцах удирдамжийг илүү тодорхой болгож, залгамж чанар, уялдаа холбоог нарийвчлах сайжруулах ажил хийсэн. Манай аймгийн хувьд энэ сайжруулсан хөтөлбөрийг судлах хэрэгжүүлэх сургалтыг зохион байгуулж 900 орчим багш, удиррдах ажилтнуудыг оролцуулсан. 

- Багш нарын хүрэлцээ, хангамж ямар байна вэ?

- Ерөнхий боловсролын сургуульд 600 орчим багш нар ажиллана. Үндсэн багшийн 39, түр орон тооны багшийн 20-иод орон тоо дутуу байгааг нөхөх арга хэмжээ авч байгаа. Энэ орон тоон дээр 80 гаруй хүн бүртгүүлж, Боловсрол, соёл урлагийн газар урьдчилсан ерөнхий шалгалт зохион байгуулж 59 хүн тэнцэж батламж авсан. Орон тооны хувьд байгалийн ухааны чиглэлийн буюу хими биологи, математикмйн багш дутагдалтай байна. Мөн дуу хөгжлийн багш нар сургууль, цэцэрлэгт дутагдалтай байна.

相关新闻