Нэхэмжлэх эрхийг Нийслэлийн хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэв

МОНГОЛЫН МЭДЭЭ | НИЙГЭМ
192@montsame.mn
2019-08-29 17:26:23

Улаанбаатар /МОНЦАМЭ/. НИТХ-ын тэргүүлэгчдийн өнөөдрийн хурлаар “Шаардах эрх шилжүүлэх гэрээ байгуулах” эрх олгох тогтоолын төслийг хэлэлцэв.

Нийслэлд Бичил бизнесийг дэмжих санг 2014 онд байгуулж, нийт 14.3 тэрбум төгрөгийн зээл олгожээ. Үүнээс 4 тэрбум гаруй төгрөг л эргэн төлөгдөөд байна.  Үлдсэн 10 орчим тэрбум төгрөг огт төлөгдөөгүй байгаа учраас уг хөрөнгийг эргэн төвлөрүүлэх шаардлагатай тулгарчээ. Уг хөрөнгийг нэхэмжлэх эрх НИТХ-д байгаа ч энэ эрхийг Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газарт шилжүүлэх талаар өнөөдрийн НИТХ-ын тэргүүлэгчдийн хурлаар хэлэлцсэн юм.

Нийслэлийн Хөдөлмөр эрхлэлтийн газраас дээрх хөрөнгийг нэхэмжлэх хүсэлтийг шүүхэд гаргасан боловч шаардах эрх байхгүй учраас боломжгүй гэсэн хариултыг өгсөн байна. Тиймээс НИТХ-ын Тэргүүлэгчдийн тогтоолоор шаардах эрхийг Нийслэлийн Хөдөлмөрийн газарт шилжүүлэх тогтоолын төслийг баталлаа.


Өнөөдрийн хурлаар мөн нийслэлийн өмчид хөрөнгө бүртгэн авах тухай тогтоолын төслийг хэлэлцэв. Тодруулбал,  Хан-Уул дүүргийн XXIII хороонд байрлах 150 хүүхдийн ортой 144 дүгээр цэцэрлэгийн өргөтгөл, Чингэлтэй дүүргийн 83 дугаар цэцэрлэгийн өргөтгөлийн барилгуудыг тус тус бүртгэх тухай тогтоолын төслийг хэлэлцэн дэмжиж, тогтоол гаргалаа.

相关新闻