Малчдын зөвлөгөөн боллоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-08-29 18:22:04

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Хүнс, хөдөө аж ахуйн газар “Малын чанарыг сайжруулж, бэлчээрээ хайрлая” сэдэвт малчдын зөвлөгөөнийг энэ сарын 26-27-ны өдөр зохион байгууллаа.

Аймгийн ИТХ, ЗДТГ, Монголын ноосон бүтээгдэхүүн үйлвэрлэгчдийн холбоо, Монголын бэлчээр ашиглагчдын нэгдсэн холбоо, “Мерси Кор” олон улсын байгууллага, Улаан загалмай хороо болон банк, санхүүгийн байгууллагатай хамтран хийсэн зөвлөгөөнд аймаг, сумын удирдлага, мэргэжилтэн, малчдын төлөөлөл 390 хүн оролцлоо.

Энэхүү зөвлөгөөнд аймгийн Засаг даргын орлогч Ц.Бат-Өлзий “Аймгийн мал аж ахуйн үйлдвэрлэлийн өнөөгийн байдал, цаашдын зорилт”, ХХААХҮЯ-ны Бодлого, төлөвлөлт зохицуулалтын газрын ахлах мэргэжилтэн Г.Сувдаа “Мал аж ахуйн салбарын бодлого эрх зүй, малын үржлийн ажлын чиглэл зорилт”, УИХ-ын гишүүний зөвлөх М.Ариунболд “Шинэ хөдөө-Булган” төсөл зэрэг сэдвээр илтгэл тавьж, хэлэлцүүлэг зохион байгууллаа.

Мөн монгол уламжлал, амьдрах ухаан, арга билэг, зан заншил судлаач, сурган хүмүүжүүлэгч, соён гэгээрүүлэгч, Доктор С.Дамбий “Хүн, байгалийн хүйн холбоо” сэдэвт лекц уншиж, аймгийн эрүүл мэнд, нийгмийн даатгал, хуулийн салбарын агентлаг, малчидтай холбоотой үйл ажиллагаа явуулдаг даатгалын байгууллага мэдээлэл хийлээ. Тус зөвлөгөөнөөс нийт малчдад хандан зөвлөмж гаргалаа.

Бэлчээрийн даацад тохирсон ашиг шим арвинтай малыг сонгон үржүүлж, сүргийн зохистой бүтэц бий болгон, хээлтэгчийн хувийн жинг нэмэгдүүлж, бүтээгдэхүүний гарц, чанарыг сайжруулах, хүн амаа эрүүл аюулгүй хүнсээр, үндэсний үйлдвэрээ чанартай түүхий эд, бүтээгдэхүүнээр хангах, бэлчээрийг даацад нь тохируулан хуваарьтайгаар зохистой ашиглах, ашигт малтмал, байгалийн баялаг олборлох явцад бэлчээр их хэмжээгээр сүйтгэн доройтуулж байгааг хязгаарлах, уур амьсгалын өөрчлөлт, нийгмийн хөгжлийн чиг хандлагатай уялдуулан мал аж ахуй эрхэлж ирсэн уламжлалт арга барилаа боловсронгуй болгох, дэвшилт технологи нэвтрүүлэхийг нийт малчдад хандан зөвлөсөн байна.

相关新闻