"Цагдаагийн олимп"-оос таван мөнгөн, нэг хүрэл медаль хүртээд байна

МОНГОЛЫН МЭДЭЭ | СПОРТ
munkhbaatar@montsame.gov.mn
2019-08-12 12:29:31
@s_munkhbaatar

Улаанбаатар /МОНЦАМЭ/. Дэлхийн "Цагдаагийн олимп"-д оролцож буй Монгол улсын цагдаа, дотоодын цэргийн байгууллагын баг тамирчид эхний өдрөө Жүдо бөхийн төрлөөр таван мөнгөн, нэг хүрэл медаль хүртэж олимпийн амжилтын салхийг хагаллаа.



Тодруулбал, Тээврийн цагдаагийн албаны Төлөвлөлт зохион байгуулалтын хэлтсийн дарга, цагдаагийн хурандаа Д.Ганзориг 81 кг жинд мөнгөн медаль, мөн тус жинд ЦЕГ-ын Хүч спорт хорооны ахлах дасгалжуулагч, цагдаагийн дэслэгч Б.Баярмөнх хүрэл медаль хүртсэн байна. Мөн 90кг жинд Тээврийн цагдаагийн албаны Хан-Уул дүүрэг дэх замын цагдаагийн хэлтсийн байцаагч, цагдаагийн дэслэгч Д.Батжаргал, -100кг жинд дэслэгч Б.Жанчивдорж, 73 кг жинд Тусгай ажиллагааны газрын бүлгийн ажилтан, цагдаагийн хошууч Т.Отгонзаяа нар тус тус мөнгөн медаль хүртсэн байна. Харин эрэгтэй 95 кг жинд Хэнтий аймаг дахь цагдаагийн газрын аж ахуйн офицер цагдаагийн дэслэгч М.Гантогтох барилдаж мөнгөн медаль хүртлээ.



"Цагдаагийн олимп"-ийг 1967 оноос эхлэн хоёр жилд нэг удаа зохион байгуулж ирсэн бөгөөд энэ удаа БНХАУ-ын Сычуань мужийн Чендү хотод наймдугаар сарын 8-18-нд болж байна. Манай улсын цагдаа, дотоодын цэргийн алба хаагчид 2011 оноос тус олимпд оролцжээ. Энэ хугацаанд нийт 35 алтан, 23 мөнгөн, 12 хүрэл медаль хүртсэн амжилт гаргасан байна.  


Энэ жилийн "Цагдаагийн олимп"-д цагдаа, дотоодын цэргийн 18 офицер, ахлагч нар чөлөөт бөх, жудо, бокс, дардас, дугуй, карате, жиу-жицү зэрэг спортын 9 төрөлд хүч сорихоор бэлтгэл, сургуулилтаа хангажээ. Тэмцээнд оролцох багийг ЦЕГ-ын "Хүч" спорт хорооны дарга, хурандаа Д.Батмөнх ахлаж байна.

相关新闻