Нэгдсэн эмнэлэг эх, нярайн тусламжийн эмнэл зүйн сургалтын танхимтай болов

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-07-17 17:00:31

Булган /МОНЦАМЭ/ ЭМЯ, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төв, НҮБ-ын хүн амын сангаас хамтран хэрэгжүүлж байгаа “Эх хүүхдийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд шинэ техник технологийг нутагшуулах” төслөөс Булган аймгийн нэгдсэн эмнэлгийн төрөх тасагт эмнэл зүйн сургалтын танхим нээлээ.

Нээлтийн ёслолд ЭМЯ-ны эмнэлгийн тусламжийн газрын мэргэжилтэн Б.Цэвэлмаа, НҮБ-ын хүн амын сангийн тэргүүн хатагтай Каори Ишикава нарын хүмүүс оролцов.

НҮБ-ын хүн амын сангийн эх нярайн зайн оношлогооны төслийн удирдагч Б.Зэдмаа: "Аливаа улс гүрний эх, нярайн тусламж бол эрүүл мэндийн салбарын гол үзүүлэлт байдаг. Манай улс эхийн эндэгдлийг бууруулах талаар амжилт гаргаж байгаа. 2015 онд мянганы хөгжлийн зорилтыг дүгнэхэд эхийн эндэгдлийг бууруулах үзүүлэлтээ биелүүлсэн дэлхийн есөн орны нэг нь манай улс байсан.

Одоо манай улс тогтовортой хөгжлийн зорилтыг биелүүлэх 2030 он гэхэд эхийн эндэгдлийг 100000 амьд төрөлтөд 15 болгож бууруулах том зорилт тавьсан. Энэ эмнэл зүйн ур чадвар олгох танхим нь эх барихын тусламж үйлчилгээг эрсдэлгүй хүргэх дадал олгоход чиглэж байна.

Эх барих ажил эрсдэлтэй, ур чадвар шаарддаг тусламж байдаг. Эмнэлгийн ажилтнуудад ур чадвар олгосноор хот, хөдөө хаана ч тохиолдож болох эх барихын тусламжийн байнгын бэлэн байдлыг хангана гэв.

Тус аймгийн төрөх эмнэлэгийн эх барихын яаралтай тусламжийн ур чадвар олгох сургалтын танхимд 58,0 сая төгрөгийн тоног төхөөрөмж, сургалтын хэрэглэгдэхүүн хүлээлгэн өгсөн байна.

Сургалтын танхимд аймгийн хэмжээний эх баригчдад зориулсан сургалт хийж, Эх хүүхдийн эрүүл мэндийн үндэсний төвийн эмч нартай зайн оношлогоогоор холбогдож зөвлөгөө авах туршилт хийлээ.

Булган аймаг 2012 оноос эхлэн энэ төсөлд хамрагдсан бөгөөд өмнө нь 155,0 сая төгрөгийн тоног төхөөрөмжийг төрөх тасагт суурилуулсан байна.

相关新闻