“Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт зохион байгууллаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн Засаг даргын Тамгын газар,
Хууль зүйн үндэсний хүрээлэн хамтран иргэдэд эрх зүйн анхан шатны мэдлэг олгох,
туслалцаа үзүүлэх мэдлэг чадвартай “Эрх зүйн хөтөч” бэлтгэх сургалт зохион
байгууллаа.
Сургалтад
сумын ЗДТГ-ын төрийн захиргааны асуудал хариуцсан
мэргэжилтэн, сургуулийн нийгмийн ажилтан, насан туршийн боловсрол төвийн
мэргэжилтэн, цагдаагийн албан хаагч зэрэг 50 гаруй хүмүүс оролцсон байна.
- “Нээлттэй
нийгэм” ТББ байгууллагаас хийсэн судалгаанд хамрагдсан иргэдийн тал хувьд нь хууль
зүйн үр дагавар бүхий ямар нэгэн асуудал тохиолдсон дүн гарсан юм. Зөрчил, гэрээ хэлцэл зэргээс үүдсэн
маргаан гараад хаана хандахаа мэдэхггүй өнгөрсөн тохиолдол их байжээ. Үүнээс
үүдээд нийт иргэдийн эрх зүйн боловсрол тааруу эрхээ хамгаалах арга замаа
мэдэхгүй байна гэж үзсэн. Тиймээс Засгийн газраас “Бүх нийтийн эрх зүйн
боловсрол дээшлүүлэх үндэсний хөтөлбөр” баталсан. Иргэд эрх зүйн мэдлэг
мэдээлэлтэй болсноор сайн засаглалыг хөгжүүлж, төрийн байгууллагаас гарах
шийдвэрийн эрх зүйн үндэслэл сайжирна гэж Хууль зүйн үндэсний хүрээлэнгийн
хууль зүйн сургалт, мэдээлэл, сурталчилгааны төвийн дарга А.Түвшинтулга ярилаа.
Үндсэн хууль ба хүний эрх, эрх чөлөө, эрх зүйн хөтчөөс иргэдтэй харилцах ур чадвар, захиргааны шийдвэр гаргах ажиллагаа ба иргэн зэрэг сэдвээр хуульчдын холбооны гишүүн хуульч, хууль зүйн доктор Б.Гүнбилэг, Хувь хүний хөгжлийн институтын захирал, сэтгэл зүйч М.Алтанцэцэг, Удирдлагын академийн багш, хууль зүйн доктор А.Алтанзул нар сургалт хийлээ.
Хууль зүйн үндэсний хүрээлэн "Эрх зүйн хөтөч" бэлтгэх сургалтыг долоо дахь аймагтаа зохион байгуулсан байна.