Баянхонгор сумыг шарилжгүй болгох ажлыг эхлүүллээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БАЯНХОНГОР
Баянхонгор /МОНЦАМЭ/. “Шарилжгүй Баянхонгор” төсөл энэ сарын 24-нөөс хэрэгжиж эхэллээ. Төсөл хэрэгжснээр аймгийн төвийн нийтийн эзэмшлийн талбайд шарилжгүй цэвэр орчин бүрдэнэ.
Тус төслийг аймгийн “Хот тохижилт” ОНӨҮГ, аймгийн ХХҮГ, Баянхонгор сумын ЗДТГ хамтран хэрэгжүүлэх бөгөөд 90 гаруй хүнийг түр ажлын байраар хангажээ. Эдгээр иргэд Баянхонгор аймгийн Нэгдсэн эмнэлгийн Яаралтай тусламжийн тасгийн эмч нараас харшлаас хэрхэн урьдчилан сэргийлж, өөрсдийгөө хамгаалж ажиллах талаар заавар зөвлөгөө авсан байна.
Ажилчид өчигдрөөс “Мазаалай”, “Гурван бүс цогцолбор”, Хөгжимт драмын театр, Ахмадын саадан доторх шарилжийг цэвэрлэж эхэлжээ.
Ийнхүү нэр бүхий 100 шахам иргэн нийтийн эзэмшлийн зам талбайн шарилжийг устгах бол ААН, байгууллагууд болон айл өрхүүд хэрхэн хамтран ажиллах тухайд сумын Засаг даргын захирамж гараад байна. Баянхонгор сумын иргэн, аж ахуйн нэгж, байгууллагуудыг өөрийн эзэмшлийн хашаа болон хашаанаас гадагш 50 метр газрын шарилжийг түүх, устгах ажлыг есдүгээр сарын 15-ныг дуустал долоо хоног бүрийн бямба гарагт тогтмол хийж хэвшихийг тус захирамжаар үүрэг болгожээ. “Шарилжийг устгаж, Харшлаас ангижиръя” уриалгад нэгдэж, идэвх санаачилгатай ажиллахыг дээрх байгууллагууд иргэдэд уриалав.
