Орон нутгийн нислэгийн тийз хямдарна

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАН
erdenechimeg@montsame.mn
2016-03-31 09:02:02

Монгол Улсын Засгийн газраас өгсөн үүрэг чиглэлийн дагуу МИАТ компани “Аэро Монголиа” компанитай хамтран орон нутагт нислэг хийх, тасалбарын үнийг хямдруулах, үйлчилгээг сайжруулахаар судалгаа хийж, тодорхой тохиролцоонд хүрчээ.  Улмаар баруун аймгууд руу ирэх сарын 15-ны дотор нислэг хийж эхлэхээр төлөвлөж байгаа аж.

Тодруулбал “АэроМонголиа” компани жижиг онгоцуудаа Ховдод байршуулж Улаанбаатараас том онгоцоор Ховдод очсон зорчигчид жижиг онгоцоор Баян-Өлгий, Завхан хүрэх гэнэ. Мөн Улаанбаатар хотоос шууд Говь-Алтай, Завхан аймгуудруу том онгоц нисгэх. Ингэж хамтарч ажиллаж, шинэ үйлчилгээ нэвтрүүлснээр тийзний үнэ өнөөдрийн мөрдөж байгаагаас 40 хувиар буурах боломжтой гэж тооцоолжээ.

Өнөөдөр Завхан аймагт “Хүннү Аэйр” ХХК дангаараа FOKKER F50 онгоцоор нислэг үйлдэж байгаа бөгөөд тийзний үнэ суудлаасаа шалтгаалан 129-287 мянган төгрөг байна. Мөн ОХУ, БНХАУ-ын хил орчмын бүс, хотуудаас зорчигч татах, Улаанбаатараар дамжуулаад дотоодын нислэгт холбох боломжийг авиа компаниуд судалж байгаа аж.

Завхан Б.Мягмарсүрэн

 

相关新闻