“Хангинахын шугуйн шагайн тойром-2019”-д 210 харваач цэц мэргэнээ сорилоо

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-05-28 11:29:40

Булган /МОНЦАМЭ/ “Хангинахын шугуйн шагайн тойром-2019” өнгөрсөн амралтын өдрүүдэд Булган аймгийн Хутаг-Өндөр сумын Хантай багийн нутаг Хангинахын шугуйд боллоо.

Зургаа дахь жилийн тойромд Монгол Улсын Үлэмж дархан мэргэн нэг, дархан мэргэн дөрөв, гарамгай мэргэн долоо, хошой мэргэн долоо, улсын мэргэн 24 оролцлоо. Жил ирэх бүр баг тамирчдын ур чадвар, цолтой харваачдын тоо нэмэгдэж байгаа нь тус тэмцээний чансааг харуулж байна хэмээн аймгийн ЗДТГ-аас мэдээллээ.

Булган, Өвөрхангай, Дорноговь, Хөвсгөл, Орхон, Сэлэнгэ аймаг, Улаанбаатар хотын 23 багийн 210 орчим харваач цэц мэргэнээ сорьсон байна. Багийн харваанд Г.Жамъяншарав ахлагчтай Улаанбаатар хотын баг тэргүүн байрыг, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Отгонбаяр ахлагчтай Дорноговь аймгийн баг дэд байр, Монгол Улсын үлэмж дархан мэргэн Ш.Мөнхжаргал ахлагчтай Хутаг-Өндөр сумын “Уньт” баг гутгаар байр тус тус эзэллээ.

Цуваа харвааны төрөлд 130 гаруй харваач цэц мэргэнээ сорьсноос Булган аймгийн Хангал сумын харьяат Монгол Улсын гарамгай мэргэн Ч.Ирээдүй түрүүлж, улсын мэргэн Өвөрхангай аймгийн харваач Г.Гансүх, улсын дархан мэргэн Дорноговь багийн харваач Г.Бүддорж удаахь байрт шалгарлаа.

Чавхны харваанд 8 багийн 80 орчим ахмад харваач оролцсоноос Тэшиг сумын Р.Бумбага ахлагчтай Буурал аав баг тэргүүн байрыг, Орхон аймгийн Н.Нямдорж ахлагчтай баг дэд байр, Хутаг-Өндөр сумын Н.Батчулуун ахлагчтай Хутаг-Өндөр баг гутгаар байр эзэллээ.

相关新闻