10 аймгийн төвд дулааны станц барих ажил энэ онд эхэлнэ
МОНГОЛЫН МЭДЭЭШийдлийн Засгийн газраас зохион байгуулдаг “Сайдын цаг” уулзалтад өнөөдөр Эрчим хүчний сайд Д.Зоригт оролцож, салбарын 2015 оны үр дүн, бүтээн байгуулалт, цаашдын зорилтын талаар танилцуулав.
Эрчим хүчний салбарын хувьд өнгөрөгч 2015 онд чамлахааргүй амжилттай ажилласныг салбарын сайд нь онцолж байлаа. Тодруулбал тус салбарын системийн зангилаа хэсэг бүрт зохицуулалтын болон бодлогын арга хэмжээ авч хэрэгжүүлснээр 100 тэрбум төгрөгт хүрч байсан системийн алдагдлыг тэглэж, сүүлийн 10 жилийн хугацаанд анх удаа алдагдалгүй, ашигтай ажиллажээ.
Мөн тус салбарын хууль эрхзүйн орчныг сайжруулах хүрээнд өнгөрөгч онд хэд хэдэн чухал хуулийг УИХ-аар баталсан байна. Тодруулбал эрчим хүчний системийг зах зээлийн зарчмаар ажиллуулах, хөрөнгө оруулагчдын эрх зүйн зохицуулалтыг боловсронгүй болгох зорилгоор Эрчим хүчний тухай хууль, нар, сар, усны эрчим хүчний чиглэлээр Монголд хөрөнгө оруулахыг дэмжсэн орчин бүрдүүлэх зорилгоор Сэргээгдэх эрчим хүчний тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулж, Монгол Улс анх удаа байгалийн баялгаа хэмнэлттэй, үр ашигтай зарцуулах харилцааг зохицуулсан Эрчим хүчний хэмнэлтийн тухай хуулийг шинээр боловсруулан батлуулжээ. Түүнчлэн 2015-2030 он хүртэлх “Төрөөс эрчим хүчний салбарт баримтлах бодлогын баримт бичиг”-ийг батлуулан хэрэгжүүлэх төлөвлөгөө гаргасан байна. Энэ төлөвлөгөөний 2015-2023 он хүртэлх эхний үе шатанд Монгол Улс эрчим хүчээр өөрөө өөрийгөө 100 хувь хангадаг болох, 2024-2030 он хүртэлх хоёрдугаар үе шатанд Монгол Улс эрчим хүч экспортлогч орон болох зорилт тавьсан байна.
Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр байгуулахыг бодлогоор дэмжих хүрээнд нар, салхи, усан цахилгаан станц барихад зориулж импортоор оруулж ирэх техник, тоног төхөөрөмжийг гааль, НӨАТ-аас чөлөөлөх хуулийг мөн баталсан юм. Үүний үр дүнд 2016 онд нарны 3-4, салхины 2 станц барих ажлыг эхлүүлэх болсон байна. Цаашлаад 2017-2020 он хүртэл 300 МВт-ын Сэргээгдэх эрчим хүчний эх үүсвэр бий болгохоор ТЭЗҮ баталж, тусгай зөвшөөрөл олгоод байгаа аж.
Эрчим хүчний салбарт улсын төсвийн хөрөнгө оруулалт болон Хөгжлийн банкны санхүүжилтээр 2015 онд бүтээн байгуулалтын ажил эрчимтэй өрнөсөн. Тухайлбал ТЭЦ-4 дулааны станцын хүчин чадлыг 123 МВт-аар нэмэгдүүлсэнээр 250 мянган өрхийг цахилгаанаар, 40 мянган өрхийг дулаанаар хангах хүчин чадалтай болжээ. Түүнчлэн ТЭЦ-3-ын суурилагдсан хүчин чадлыг 50 МВт-аар нэмэгдүүлэх гэх мэт цахилгаанд нийтдээ 173 МВт-аар, дулаанд 460 МВт-аар нэмэгдүүлж, шинээр 32 км дулааны шугам, 1064 км цахилгаан дамжуулах шугамыг ашиглалтад оруулсанаар тасралтгүй өсөн нэмэгдэж байгаа дулаан, цахилгааны хэрэглээг найдвартай хангах боломжтой болж, 2015-2016 оны өвлийн их ачааллыг хүндрэлгүй давсан байна.
Түүнчлэн орчин үеийн тоног төхөөрөмжийг ашиглан агаарт утаа, хорт хий хамгийн бага ялгаруулах “Амгалан” дулааны станцыг ашиглалтад хүлээн авч, 2015 оны есдүгээр сарын 27-нд анх галласан юм.
Эрчим хүчний эх үүсвэргүйгээс гадаад улс орнуудаас тог цахилгаанаа авдаг байсан Дорнод аймгийн Чулуун хороо, Халх гол сумдад цахилгаан дамжуулах агаарын шугам, дэд станцыг барьж ашиглалтад оруулжээ. Ингэснээр импортын, үнэтэй цахилгаан хэрэглэхээ больж, дотоодын нөөцөөр бүрэн хангагдах болсон байна.
Өдрөөс өдөрт өсөн нэмэгдэж байгаа Улаанбаатар хотын цахилгаан, дулааны хэрэгцээг хангах зорилгоор Эрчим хүчний яам, нийслэлтэй хамтран “Их тойрог” гэх томоохон төслийг хэрэгжүүлж эхэлсэн бөгөөд өнгөрөгч онд Баянгол, Долдугаар хороолол, Радио телевизийн дэд станцуудыг холбох шугамуудынх нь хамт ашиглалтад оруулжээ.
Монгол Улсын эрчим хүчний нэгдсэн системийн хэмжээнд 2015 онд 7 тэрбум 67.2 сая кВт.цаг цахилгаан эрчим хүч, 7 сая 514.1 мянган Гкал дулааны эрчим хүчийг боловсруулсан байна.
2016 оныг Эрчим хүчний салбар “Хүртээмжтэй эрчим хүчний жил” болгон зарлаж, эрчим хүчний эх үүсвэрүүдийн хүчин чадлыг нэмэгдүүлэх, шинээр том чадлын цахилгаан станцууд барих ажлыг эрчимжүүлэхээр төлөвлөжээ. Энэ хүрээнд Дархан, Эрдэнэтийн ДЦС-ын хүчин чадлыг нэмэгдүүлэх төслийн угсралтын ажлыг хийх, Багануур цахилгаан станцын барилга угсралтын ажлыг эхлүүлэх, Бөөрөлжүүт, Тавантолгойн цахилгаан станцын дагалдах гэрээнүүдийг хийж дуусгах, ажлыг эхлүүлэх, Баруун бүсэд шинээр баригдах цахилгаан станцын ажлыг эхлүүлэх аж. Мөн нийт 10 аймгийн төвд шинээр дулааны станц барих ажлыг эхлүүлэх, БНХАУ-тай цахилгаан эрчим хүч экспортлох, импортлох ерөнхий хэлэлцээрийг байгуулах ажил 2016 онд өрнөх юм байна.
Н.Гантуяа
Гэрэл зургийг Т.Чимгээ