Орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлнэ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан аймгаас ирүүлсэн багц мэдээ
Завхан аймагт "Төрийн бус байгууллага, Бизнес эрхлэлтийг дэмжих нь" сэдэвт сургалт боллоо.
Энэ сургалтыг Хөдөлмөрийн яам, Аж үйлдвэрийн яам, МАОЭНХ хамтран Улиастай, Тосонцэнгэл сумд зохион байгуулсан байна. Улиастай сумын сургалтанд малчдын төлөөлөл, иргэн, үйлдвэрлэл эрхлэгчдийн төлөөлөл, газар тариалан эрхлэгчдийн төлөөлөл, худалдаа үйлчилгээ эрхлэгчдийн төлөөлөл, ТТБ байгууллагын төлөөлөл нийт 300 иргэн оролцжээ. Чуулганд УИХ-ын гишүүн Я.Санжмятав, МАОЭНХ-ны дэд ерөнхийлөгч аж үйлдвэрийн гавъяат ажилтан Х.Ганбаатар Хөдөлмөрийн яамны Төрийн захиргаа, удирдлагын газрын дарга Г. Сувдаа, АҮЯ-ны Стратегийн бодлого, төлөвлөлтийн газрын хууль, эрх зүй хариуцсан ахлах мэргэжилтэн Б.Чимэдлхам, Завханы Хөдөлмөрийн хэлтсийн дарга Б.Эрдэнэцэцэг, Политехник коллежийн захирал Т.Мөнхбаатар, Технож Бизнес Инкубатор төвийн захирал Г.Галаарийдий нарын албаны хүмүүс оролцлоо. Энэ үеэр мал аж ахуй, газар тариалангийн салбарт нэмүү өртөгийн сүлжээ бий болгох арга зам, хөдөлмөрийн салбарт явуулж буй үйл ажиллагааны талаар мэдээ, мэдээлэл хүргэж орон нутгийн хөдөлмөр эрхлэлтийг нэмэгдүүлэх, бизнесийн орчныг сайжруулах чиглэлээр харилцан мэдээлэл солилцсон байна.
Цэцэрлэгийн хүүхдүүдэд модны ач тусын талаар мэдээлэл хийлээ
Завханы Отгонтэнгэрийн УТХГ-ын Хамгаалалтын Захиргаанаас модны ач тусын талаар уран зургийн тэмцээн зохиолоо.
“Модны ач тус “ сэдэвт уралдааныг Дэлхийн ойн өдрийг тохиолдуулан Улиастай сумын цэцэрлэгийн ахлах бүлгийн хүүхдүүдийн дунд явуулжээ. Гар зургийн уралдаанд 75 хүүхэд оролцож эхний гурван байрт орсон хүүхдүүдэд мөнгөн шагнал өгчээ. Мөн цэцэрлэгийн хүүхдүүдэд ой модны ач холбогдол, түүний бүтэц, модоор ямар зүйл хийж болох талаар мэдээлэл хийжээ.
Завханы ахмад дайчдад хүндэтгэл үзүүллээ
Завханы ЗДТГ-ын дарга Д.Түвшинжаргал ахмад дайчдаа хүлээн авч хүндэтгэл үзүүллээ.
Туурга тусгаар эх орон, газар шорооныхоо төлөө тэмцэж ирсэн түүхийн нэгэн чухал үе болох Монгол ардын журамт цэргийн байгуулсан анхны ялалтын өдөр 1921 оны 3 дугаар сарын 18 буюу орчин үеийн Зэвсэгт хүчин үүсч хөгжсөний 95 жилийн ой, “Монгол Цэргийн өдөр” юм. Энэ өдрийг тохиолдуулан ахмад дайчдад ийн хүндэтгэл үзүүлжээ. Хүндэтгэлийн уулзалтад үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагуудын удирдлагууд болон ахмад дайчид оролцжээ. Дашрамд Завхан аймагт өдгөө 33 ахмад дайчин энх тунх амьдарч байна.
Завхан аймаг зуны улиралд эрчим хүчээ дотооддоо үйлдвэрлэдэг
Хэдэн жилийн өмнөхийг бодоход Завхан аймаг эрчим хүчний доголдолд орохоо байсан гэж хэлж болох юм.
Тодруулбал өнөөдөр тус аймгийн эрчим хүчний түгээх сүлжээний ашиглалтад нийт 110 кВ-ын дэд станц хоёр иж бүрдэл, агаарын шугам 253,5км, 6-10 кВ-ын дэд станц 153,06 иж бүрдэл ашиглагдаж байна. Дамжуулах үйлчилгээний хүрээнд Төвийн бүсийн эрчим хүчнээс цахилгаан эрчим хүчийг “Тэлмэн” 110/35/10 кВ, “Улиастай” 110/35/10 кВ, салбар сумдууд болон Говь-Алтай аймагт ЦЭХ-ийг дамжуулж байгаа юм. Нэмж хэлэхэд эрчим хүчээ гаднаас биш дотооддоо ч үйлдвэрлэж эхлээд байгаа. Тухайлбал “Богдын гол УЦС” ХХК / Галуутай-Хүнгүйн УЦС, Дизель цахилгаан станц, Богдын гол УЦС/, “Тосонцэнгэл УЦС”ХХК-иудэрчим хүч үйлдвэрлэж байна.
Завхан аймаг Б.Мягмарсүрэн