Завханд таван удаа хур тунадас нэмэгдүүлэх үйл ажиллагааг явуулжээ
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завхан аймагт цаг агаарт зориудаар нөлөөлөх үйл ажиллагааг дөрөвдүгээр сарын 7-ноос говийн бүсийн сумдад Завхан-бороо-1, Завхан-бороо-2 экспедицүүд нийт таван удаа явуулж хур тунадас нэмэгдүүлжээ.
Завханы нийт нутгаар нэгдүгээр сард агаарын дундаж темдератур олон жилийн дунджаас хүйтэн, хоёрдугаар сард олон жилийн дунджийн орчим, гуравдугаар сард олон жилийн дунджаас дулаан, бага хур тунадас орсон, хуурайшилт, салхи ихтэй байна.
Ирэх долоо, наймдугаар сард аймгийн нийт нутгаар агаарын температур олон жилийн дунджаас дулаан, хур тунадасны хувьд хойд болон зүүн чиглэлийн 13 суманд олон жилийн дунджийн орчим хур тунадас орох бол говийн бүсийн болон урд бүсийн сумдад олон жилийн дунджаас бага хур тунадас орох төлөвтэй байна.
Говийн сумдаар хуурайшилт, салхи ихтэй, гандуу байгаа. Хаврын улиралд цас бороо холилдож орохыг холимог тунадас гэдэг. Байгалиараа орох хур тунадас нь ховордоод шинжлэх ухааны үндэслэлтэй хур тунадасыг нэмэгдүүлэх үйл ажиллагааг хуурайшилттай ой болон тал хээрийн түймэр гарах эрсдэлийг бууруулах зорилгоор хийж байна.
Мөн хур тунадас нэмэгдсэнээр эртлэн ургамлын гарц гарвал мал аж ахуйн салбарт эерэг нөлөөтэй байдаг. Аймгийн хэмжээнд хур тунадасны хэмжээг тооцож үзээд зориудаар нэмэгдүүлэх үйл ажиллагааг хийж байна. Говийн бүс нутгаар урьдчилан мэдээлснээр хур тунадас орохгүй байсныг үүлэнд нөлөөлж 0,0-0,8мм хур тунадас оруулаад байна.
Хаврын улиралд
ингэж оруулах нь газарт чийг өгч, бэлчээрийн ургамлын ургалтад сайнаар нөлөөлдөг юм. Манай төвөөс аймгийн хэмжээнд цаг агаарын масс
мессежийг 12 удаагийн давталтаар нийт 100604 хүний гар утсанд түгээн ажилласан
байна хэмээн аймгийн Ус цаг уур орчны шинжилгээний төвөөс мэдээлэв.
Хаврын шар усны үерээс
сэрэмжлэхийг анхааруулав
Завханд шар
усны үер хэд хэдэн газраар голчлон тохиолдсон байна. Тухайлбал Завханмандал
сумын Хүнгүй гол шар усны үертэй байна.
Хангай нуруунаас эх авсан гол мөрөнд хаврын шар усны үер голын адгаар дөрөвдүгээр сарын эхний 10 хоногт, ус хурах талбайн ихэнх нь 2500 м-ээс дээш өндөрт хамрагдаж, тавдугаар сарын эхний 10 хоногт ажиглагдана. Хаврын шар усны үерийн хамгийн их хэмжээ 1500 м-ээс доош өндөр бүхий ус хурах талбайтай голуудад мөн сарын хоёрдугаар арав хоногт тохиолдоно. Шар усны үер дуусах хугацаа нь Хангай, нурууны өвөр хийгээд зүүн талын голуудад тавдугаар сарын сүүлийн 10 хоногт, Хангай нурууны баруун талын голуудад зургаадугаар сарын эхний 10 хоногт дуусна.
Завхан аймгийн нийт газар нутгийн 35 хувь нь цастай ба дундаж зузаан нь 10 см байна. Жишээлбэл: Богд, Чигэстэй, Завхан, Идэр, Буянт, Тэс голуудын ай саваар ирэх өдрүүдэд нийт нутгаар цаг агаар харьцангуй дулаарах тул дээр дурдсан голуудын сав газраар шар усны үер буух нөхцөл бүрдэх тул урьдчилан сэргийлэхийг анхааруулж байна.
Мөн өвөлжилт хүндэрсэн болон малын зүй
бусын хорогдол гарсан газруудын гуу жалганд хаягдсан мал амьтны сэг зэм нь
цасны усаар дамжин ус бохирдуулах болон өвчин эмгэг тараах аюултай тул
холбогдох байгууллагаас зохих арга хэмжээг цаг алдалгүй авч цэвэрлэгээ устгал
хийхийг зөвлөж байна. Одоогийн байдлаар аймгийн нийт нутаг дэвсгэрийн ихэнх
хувь нь цасгүй болсон. Харин өндөр уул болон ой модтой нар бага тусдаг
газруудад тодорхой хэмжээний цас үлдсэн ба энэхүү цас дулаарч агаарын
температур нэмэгдэхийн хэрээр хайлж дуусна. Тиймээс иргэд шар усны үерийн
болзошгүй эрсдэлээс урьдчилан сэргийлэхийг аймгийн Ус цаг уур орчны
шинжилгээний газраас анхаарууллаа.