Орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтад иргэдийн санал чухал байна
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | ЗАВХАНЗавхан /МОНЦАМЭ/. Завханы Идэр сум өнгөрсөн жил Орон нутгийн хөгжлийн сангийн 57 сая төгрөгөөр багагүй бүтээн
байгуулалтыг иргэдийнхээ саналаар хийжээ.Энэхүү хөрөнгөөр сумын төвөө
камержуулах, замын тэмдэг тэмдэглэгээ хийх, гудамж хашаануудыг хаягжуулахад
зарцуулсан байна.
Түүнчлэн хүүхэд залуучууд, иргэдийн чөлөөт цагийг зөв өнгөрүүлэх тоглоомын талбай, нийтийн биеийн тамирын зориулалт бүхий цэцэрлэгт хүрээлэнг байгуулжээ. Мөн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх чиглэлээр сумын цагдаагийн хэсэгт согтуурлын түвшин тогтоогч хэрэгсэл drager, торгуулийн хуудас хэвлэгч автомат машинтай болсон байна. Архи согтууруулах ундаагаар үйлчилдэг бүх цэгийг иж бүрэн камержуулжээ. Иргэдийн бас нэгэн чухал санал нь сумын нийгмийн эрүүл мэндийн төвд нэн шаардлагатай цусны анализатор, хүчилтөрөгч өтгөрүүлэгч, яаралтай тусламжийн хайрцаг зэрэг бусад тоног төхөөрөмжтэй болох байв. Эдгээр хөрөнгө оруулалтуудыг сумандаа хийснээр сумын иргэд эрүүл мэндийн нэн шаардлагатай шинжилгээ, оношилгоог цаг алдалгүй сумандаа хийлгэх бүрэн боломжтой болоод байна.
Ер нь орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө оруулалтаар сумандаа ямар бүтээн байгуулалт нэн шаардлагатай байгааг иргэд өөрсдөө санал өгч эхний 10 байранд эрэмбэлэгдсэн саналаар дээрх хөрөнгө санхүүжилтийг захиран зарцуулдаг журамтай. Сүүлийн жилүүдэд иргэд саналаа идэвхтэй өгч сум орон нутагтаа хэрэгтэй гэсэн хөрөнгө оруулалтыг хүсдэг болсон нь сайшаалтай хэмээн Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэл ирүүлэв.
277 сая төгрөгийн
санхүүжилтээр
сургуулийн барилгатай болжээ
Идэр сум 2018 онд орон нутгийн хөгжлийн сангийн хөрөнгө
оруулалтыг мөн л үр дүнтэй захиран зарцуулжээ. Учир нь өнгөрсөн жил сумын бүрэн
дунд сургуулийн хичээлийн “Г” байрны засвар, өргөтгөлийн ажлыг хийж
хүүхдийн дотуур байрыг ашиглалтад оруулжээ.
Энэхүү барилгын ажлыг Германы Олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэгийн “Эрчим
хүчний үр ашиг” төслийн 207 сая төгрөг, сумын ОНХС-гийн таван сая төгрөг,
аймгийн ОНХС-гийн 65 сая төгрөг, нийт 277 сая төгрөгийн санхүүжилттэй
засварлажээ. Өнөөдөр дотуур байранд малчин өрхийн 60 гаруй хүүхэд тохилог
орчинд сурч амьдрах нөхцөл ийн бүрджээ. Түүнчлэн өнгөрсөн жилийн 11-р сараас
эхлэн “Жи мобайл” компанитай хамтран олон нийтийн үүргийн хөгжлийн сангийн
хөрөнгө 212 сая төгрөгөөр дахин дамжуулах станц нэмж байрлуулжээ. Тухайлбал
дахин дамжуулах станцыг Мануустай багийн нутагт байрлуулснаар Идэр, Тэлмэн,
Тосонцэнгэл, Яруу, Нөмрөг зэрэг сумын 10 гаруй багийн үүрэн холбооны
сүлжээ, малчдын харилцаа холбоо сайжирчээ.
Харин 2017-2018 оны хагас жилийн байдлаар Дархан-Уул, Мануустай багууд багийн
төвийн барилгатай болж эрчим хүчээр хангагджээ. Энэ ондоо багтаан
Загастай багийн төвийг шинээр барьж, төвийн эрчим хүчинд холбон ашиглалтад
оруулах төлөвлөгөөтэй байгаа тухай Идэр сумын ЗДТГ-аас мэдээлэв.