ХААН банкны уран нугараач хоёр дахь алтан медалиа хүртжээ

МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГ
183@montsame.mn
2019-04-11 20:55:10

Улаанбаатар /МОНЦАМЭ/. ХААН Банкны удирдлагууд өнөөдөр МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэгийг хүндэтгэн хүлээн авч, баяр хүргэлээ.  Тэрээр Франц улсад 40 дэх удаагаа болсон наадамд  35 жилийн дараа оролцож, уран нугаралт, аэробик хосолсон шинэлэг үзүүлбэрээр хоёр дахь алтан медалиа хүртсэн юм.  

ХААН Банк нийгмийн хариуцлагын хүрээнд, орчин үеийн циркийн урлагийг дэмжих, залууст урлагаар дамжуулан гоо зүйн боловсрол олгох зорилгоор 2008 оноос МУГЖ, Монголын уран нугараачдын холбооны ерөнхийлөгч, уран нугараач Л.Энхцэцэгийн үүсгэн байгуулсан “Angels” акробат уран нугаралтын төвийг дэмжин дэргэдээ ажиллуулж байгаа аж. 

Дэлхийд чансаагаараа эхний гуравт бичигдэх “Маргаашийн циркчид” наадамд МУГЖ, уран нугараач Л.Энхцэцэг хүндэт зочноор уригдан оролцжээ. Тэрбээр анх 1983 онд тус тэмцээнээс анхны алтан медалийг эх орондоо авчирч байсан бол энэ удаа уран нугаралтын хүнд элемент бүхий, үндэсний хэв маягийг орчин үеийн хэмнэлтэй хосолсон үзүүлбэр харуулж, 5000 гаруй үзэгчийг гайхашруулсан байна. Түүний удирддаг төв нь 2008 оноос ХААН Театрт өдөр тутмын бэлтгэл сургуулилтаа хийж, цирк, театр, бүжиг, хөгжим зэрэг урлагийн олон төрлийн элементийг үндэсний болон орчин үеийн хэв маягт нийцүүлэн өдгөө 50 орчим уран бүтээлчийн бүрэлдэхүүнтэй ажиллаж байна.

“Angels” акробат уран нугаралтын төв хотын захын дүүргүүдийн хүүхдүүдийг үнэ төлбөргүй сургадаг юм. 

相关新闻