"Мөнх тэнгэрийн орон" үзэсгэлэн Улаан-Үд хотноо гарч байна
МОНГОЛЫН МЭДЭЭ | СОЁЛ УРЛАГУлаанбаатар /МОНЦАМЭ/. Монголын соёлын өдрүүдийн хүрээнд "Мѳнх тэнгэрийн орон” үзэсгэлэнг Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейд гуравдугаар сарын 27-нд нээлээ.
Тус үзэсгэлэнг Халх голын ялалтын 80 жилийн ой, Улаан-Үд хотын Ц.С.Сампиловын нэрэмжит уран зургийн музейн 75 жилийн ойг тохиолдуулан UB арт галерей санаачлан, БСШУСЯ, Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг Соёл, урлагийн газар, МУЭ хамтран зохион байгуулж буй юм.
Монгол орны ахуйг илтгэх монгол гэр, дотоод сэтгэлийн чинад дахь нууц хийгээд бодлыг илтгэх инстоляци, цэнхэр өнгөөр голлон уран бүтээл туурвидаг Ж.Ойланы 30 гаруй бүтээлийг дэлгэжээ. Түүний уран бүтээлийн үзэсгэлэн Турк, Франц, Герман, Испани, Ирланд, Унгар, Америк, Казахстанд гарч байсан бөгөөд тус үзэсгэлэн нь 26 дахь бие даасан үзэсгэлэн нь юм.
Энэхүү үзэсгэлэнгээр Монголын соёлыг түгээх, урлагаар дамжуулан сурталчлан таниулах, цаашид ОХУ-д Монголын уран бүтээлчдийн үзэсгэлэнг гаргах боломжийг нээж байна. Үзэсгэлэнг хөх өнгөөр нэгтгэн илэрхийлж дэглэсэн нь монголчуудын хөх өнгөний бэлгэдэл зүйг шингээн хоёр орны соёлын харилцааны өнө мөнх нөхөрлөлийг давхар илэрхийлжээ.
Тус үзэсгэлэн ирэх сарын 12-ныг хүртэл Улаан-Үд хотноо, энэ жилийг дуустал ОХУ-ын Эрхүү, Санкт Петербург, Москва хотноо гарах юм.
Үзэсгэлэнг нээх ёслолд, Бүгд найрамдах Буриад улсын Соёлын яамны сайд Соёлма Баяртуевна Дагаева, Буриад улсын Үндэсний музейн захирал Бороноева Татьяна Анатольевна, Улаан-Үд хотод суугаа Монгол Улсын Ерөнхий консул Д.Чадраабал, ГХЯ-ны Төрийн нарийн бичгийн дарга Д.Даваасүрэн, МҮХАҮТ-ын гүйцэтгэх захирал Т.Дүүрэн, Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил агаарын бохирдол хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Монгол Улсын Соёлын элч, продюсер Х.Дамдинсүрэн болон хоёр улсын бизнесийн болон албаны хүмүүс, соёл, урлаг, дүрслэх урлагийн салбарын төлөөлөл оролцов.