Монголоос Енисей мөрний дагуу нүүдэллэж байсан эртний хүмүүсийн ул мөрийг судална

ДЭЛХИЙН МЭДЭЭ | НИЙГЭМ
Jargal.d@montsame.mn
2019-04-02 11:18:04

КРАСНОЯРСК. /ТАСС/. Палеолит буюу хуучин чулуун зэвсгийн үед одоогийн Монгол Улс ба Тувагийн нутгаас Енисей мөрний дагуу хүмүүс нүүдэллэж байсан замын дагуу орших Хакасийн Бэйгийн район дахь археологийн дурсгалт газрыг эрдэмтэд ирэх зун судлахаар төлөвлөж байна.


Уг дурсгалт газар нь замын дундах цэг байсан байж магадгүй аж. Энэ тухай Олон улсын инновацийн их сургуулийн Сибирийн хүрээлэнгийн захирал, түүхийн ухааны доктор Николай Дроздов өнгөрсөн долоо хоногт болсон Красноярскийн Эдийн засгийн чуулганы үеэр мэдээлжээ.   


Эртний хүмүүс Монголоос Тувагаар дамжин одоогийн Красноярскийн хязгаарын нутагт ирсэн гэж үздэг. Үүнийг гэрчлэх 500 мянган жилийн өмнөх археологийн дурсгал Тува дахь Таргалык гэдэг газраас олдож байсан. Мөн үүнээс нэлээд хойд зүгт тус хязгаарын Новоселовын районд 300-400 мянган жилийн өмнөх үед хамаарах дурсгалуудыг илрүүлж байжээ. Харин Енисей мөрний дагуух чиглэлийг тодорхойлох дундын цэгүүдийг саяхныг хүртэл олж тогтоогоогүй байсан юм.


“Бэйгийн районд 2017 онд Хятадын ШУА-тай хамтарсан экспедиц ажиллах явцад 100 мянга орчим жил, үүнээс ч илүү байж болох археологийн дурсгалт газрыг бид илрүүлсэн. Бид нүүдлийн замын дагуух Тува ба Куртукийн хоорондох мэдэгдээгүй байсан хэсгийг хайж байлаа. Одоогоор археологийн материалуудыг судалж байгаа бөгөөд энэ онд иж бүрэн судалгааны ажил хийж, экспедицид зөвхөн археологичид төдийгүй геологичид, геоморфологичид болон бусад мэргэжлийн хүмүүсийг урьж ажиллуулна” гэж Дроздов ярилаа. 


Түүний ярьснаар, хуучин чулуун зэвсгийн үед Енисей мөрний хөндий нь маш таатай уур амьсгалтай байсан бөгөөд “царсан ой найгаж, сэлмэн шүдэт бар, агуйн баавгай, дэлт чоно сүрэглэн амьдарч” байжээ.  “Ийм нөхцөлд хүмүүс хэрхэн дасан зохицож амьдарч байсныг бид судалж байна” гэж Дроздов онцлон хэлэв.


相关新闻