“Булган зөгий” хөтөлбөр баталлаа
ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАНБулган /МОНЦАМЭ/ Булган аймгийн ИТХ-ын
Тэргүүлэгчид “Булган зөгий” хөтөлбөрийг таван жилийн хугацаатай хэрэгжүүлэхээр
баталлаа.
Иргэд, аж ахуйн
нэгжийн зөгийн аж ахуй эрхлэлтийг дэмжин, зах зээлд нийлүүлэх зөгийн бал, бусад
дагалдах бүтээгдэхүүний үйлдвэрлэл, тоо хэмжээ, нэр төрлийг нэмэгдүүлж, ногоон ажлын
байрыг бий болгон, өрхийн амьжиргааг дээшлүүлэх зорилготой энэ хөтөлбөр үр
дүнтэй хэрэгжих боломжтой. 2018 оны жилийн эцсийн байдлаар манай
аймгийн Тэшиг, Хутаг-Өндөр, Баян-Агт, Сэлэнгэ, Хангал, Бугат сум, Хялганат
тосгонд 50 гаруй зөгийчид 843 бүл зөгий үржүүлдэг. Жилд дунджаар 10 тн зөгийн бал, бусад дагалдах бүтээгдэхүүн
авч зах зээлд борлуулан өрхийн орлогоо нэмэгдүүлж байна гэж аймгийн ЗДТГ-ын
мэргэжилтэн Ц.Энхмаа ярилаа.
“Булган зөгий”
хөтөлбөрийг хэрэгжүүлэн 2023 онд аймгийн хэмжээнд 25,7 тонн бал хурааж, дотоод,
гадаадын зах зээлд нийлүүлэхийг зорьж байгаа юм.
Судлаачдын дүгнэж байгаагаар тус аймгийн нутагт зөгийн аж
ахуйг хөгжүүлж, өндөр орлого бүхий аж ахуйг бий болгох бүрэн боломж байгаа юм.
Зөгий үржүүлэх балт ургамлын нөөц баялагтай эдэлбэр газартай
бөгөөд 181.4 мянган бүл зөгий үржүүлж, жилд 15890.3–19023.8 тонн бал, бусад
бүтээгдэхүүн ашиглах боломжтой гэдгийг судалж, тогтоосон байна. Үүнийг
зах зээлийн өнөөгийн ханшаар тооцвол
зөвхөн зөгийн балнаас доод тал нь 635-760.9 тэрбум төгрөгөөр иргэд, аж ахуйн
нэгжүүдийн орлого нэмэгдэх боломжтой гэж тооцжээ.