Ирэх намар 60000 тонн ургац хураах зорилт тавилаа

ОРОН НУТГИЙН МЭДЭЭ | БУЛГАН
batjargal@montsame.mn
2019-03-18 21:34:48

Булган /МОНЦАМЭ/ Булган аймгийн тариаланчид атар газар эзэмшсэний 60 жилийн ойг 60,0 мянган тонн ургац хураан авсан амжилтаар угтах зорилт тавьж байна гэж аймгийн ХХААГ-ын дарга Ч.Амгалан ярилаа.

Одоогоор 150 аж ахуйн нэгж, иргэд үр тарианы үйлдвэрлэл, 7,9 мянга гаруй өрх бүл өрхийн тариалан эрхэлж, нийт эргэлтийн талбайн 99,0 хувийг ашиглаж байна.

            Энэ хавар аймгийн хэмжээгээр нийт 47708 га талбайд тариалалт хийхээр төлөвлөж байгаа аж. Үүнээс буудай 41760,  малын  тэжээл 650 га, тосны ургамал 3800, төмс 354, хүнсний ногоо 164 га талбайд тариалах юм.

Өнгөрсөн оны ургац хураалтын эцсийн дүнгээр үр тариа 56,7 мянга, төмс, хүнсний ногоо 5,5 мянган тонныг хураан авч аймгийн хүн амын гурил, төмсний хэрэгцээг бүрэн, хүнсний ногооны хэрэгцээг 18,6 хувиар хангасан нь байгаль цаг уурын нөхцөлөөс гадна уринш боловсруулалтыг чанартай хийсэн, тарих хугацааг зөв сонгож технологийн дагуу явуулсан, үрийн чанар сайжирсан, эрдэмтдийн зөвлөгөө, үйлдвэрлэлд шинээр нэвтэрч буй шинжлэх ухаанын техник технологийг оновчтой ашиглаж ажилласны үр дүн гэж газар тариалангийн мэргэжилтнүүд дүгнэлээ.

相关新闻